БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их сургуулиудад бакалаврын төвшний сургалтад 90 оюутан, магистрантур, докторантурын төвшний сургалтад 80 хүнийг тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Бакалаврын сургалтад хамрагдах оюутныг Өвөр монголын их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургууль, Өвөр монголын үндэсний их сургууль, Өвөр монголын анагаах ухааны их сургуулийн бакалаврын ангид биологийн инженер; мэдээллийн удирдлага болон систем; электрон худалдаа; олон улсын худалдаа болон банк санхүү; аялал жуулчлалын удирдлага; компьютерийн ухаан; хятад хэл, утга зохиол; хот төлөвлөлт; амьтан судлал; хүнсний технологи; агрономи; ой судлал; барилгын инженер; механик инженер болон автоматжуулалт; химийн инженер болон технологи; авто замын тээвэр; монгол уламжлалт эмчилгээ; клиник эмчилгээ; электрон мэдээлэл болон техник; биологи; ерөнхий эмчилгээний мэргэжлийн чиглэлээр тус тус суралцуулна.

Магистрантурын сургалтад хамрагдах хүмүүсийг Өвөр монголын их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд хятадын үндэстний цөөнхийн хэл утга зохиол; төрөлжсөн түүхийн судалгаа; санхүү; цөөнх үндэстний эдийн засаг; нягтлан бодох; бизнесийн удирдлага; хатуу биеийн физик; байгалийн шинжлэл; хэрэглээний хими; ургамал судлал; амьтан судлал; микробиологи; молекул эсийн биологи; экологи судлал; бэлчээр судлал; комьпютерийн хэрэглээ ба техник; комьпютерийн сүлжээ; удирдахуйн инженер; бүс нутгийн эдийн засаг; антрапологи; сэтгэл судлал; монгол хэл утга зохиол; хятад хэл утга зохиол; физик газар зүй; амьтны генетик үржил; амьтны тэжээл судлал; малын урьдчилан сэргийлэх эмчилгээ; жимс, жимсгэний аж ахуй; газар тариалангийн механикжуулалтын инженер; газар тариалангийн усжуулалт, хөрсний инженер; аж үйлдвэрийн эдийн засаг; хүнс судлал; механик инженер; хяналтын онол ба хяналтын инженер; цахилгаан систем, цахилгааны удирдлага; химийн инженер-технологи; дулааны инженер; эрчим хүчний электроник; эрчим хүчний тоног төхөөрөмжийн инженер; нэхмэл ба будгийн химийн инженер; цахилгаан эрчим хүчний систем ба автоматжуулалт; архитектурын дизайн ба онолын инженерийн мэргэжлээр тус тус суралцуулна.

Докторантурын сургалтад хамрагдах хүмүүсийг Өвөр монголын их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд хятадын үндэстний цөөнхийн хэл утга зохиол; төрөлжсөн түүхийн судалгаа; шинжлэх ухаан, технологийн түүх; хэрэглээний математик; онолын физик; биофизик; ургамал судлал; амьтан судлал; микробиологи; экологи; компьютерийн хэрэглээ ба техник; амьтны генетик ба үржил; амьтны тэжээл судал; малын урьдчилан сэргийлэх эмчилгээ; малын клиник эмчилгээ; хөрс судлал; бэлчээр судлал; зэрлэг ан амьтан, ургамлын хамгаалал ба ашиглалт; цөлжилтөөс сэргийлэх; хөдөө аж ахуйн эдийн засгийн удирдлага; хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт ба хадгалалтын инженер; химийн технологи; эрчим хүчний тоног төхөөрөмжийн инженер; материалын процессийн инженерийн мэргэжлээр тус тус суралцуулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хамрагдах хүмүүсийг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон Хятадын талтай зөвшилцсөний дагуу БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль 40, Шинжлэх ухаан, технологийн их сургууль 50 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2008 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. Хяналтын тоонд багтаагүй оюутныг бүртгэхгүй.

 

Бүртгэл хөтлөх хүснэгт:

Овог

Нэр

Нас

Хүйс

Утас

Регистрийн дугаар

Курс

Голч дүн

Суралцаж буй чиглэл

Суралцах чиглэл

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-д суралцаж буй хүмүүсийг 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт бүртгэх тул иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт болон хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ эх хувиар нь авч ирнэ үү.

Магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг бакалавраас доошгүй боловсролтой (сургалтын голч дүн нь 3.00-аас дээш байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, 40 (магистрантур 35, докторантур 40) хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 5 дугаар сарын 24-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт ирж бүртгүүлнэ үү. Үүнд:

1. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2. Ажил байдлын тодорхойлолт;

3.Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ);

5.Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

6. Шалгалтын хураамж 6000 төгрөг.

Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан, магистрант, докторантын сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам хариуцан зохион байгуулах тул бүртгэлийг 2008 оны 5 дугаар сарын 26-ний өдөр хүлээлгэж өгнө.

Бакалаврын оюутны сонгон шалгаруулалтыг математикийн шалгалт, ярилцлага гэсэн 2 үе шаттай зохион байгуулна. Математикийн шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 11.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Математикийн шалгалтын оноо, ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрс, ярилцлага зохион байгуулах хуваарийг 2008 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны гаднах самбар дээр зарлана. Ярилцлагад орох хүмүүсийг шалгалтын онооны дэс дарааллаар нь жагсаан сонгоно.

Ярилцлагыг 2007 оны 6 дугаар сарын 2,3-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулах бөгөөд бакалаврын сургалтын оюутныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд, магистантур, докторантурт хамрагдах хүмүүсийг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрын өргөтгөлийн уншлагын танхимд тус тус хүлээн авна. Ярилцлагын үр дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2008 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбар дээр зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамнаас мэдэгдэж байна.

Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцсан хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт /хэрэв хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ байвал эх хувиар/-ыг авч ирнэ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын "мэдээлэл" гэсэн хэсгийн "гадаадад суралцахыг хүсэгчдэд" зориулсан булангаас уншиж болно.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, БНХАУ-ААС МОНГОЛ УЛСА-Д

СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Оруулсан ОУХАА-ны мэргэжилтэн Т. Ууганбаяр