БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, доктор, судлаачийн сургалтад хамруулна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлгээр магистр, доктор, судлаачийн сургалтад хамруулна

1. Тэтгэлэгт хамрагдах хүний тоо: 30 магистр, доктор, судлаач.

2. Сургалтын хугацаа: Магистрын сургалт 2 жил, докторын сургалт 3 жил, судлаачийн сургалт 0,5-1 жил, хэлний бэлтгэл 1 жил (БНСУ-ын Боловсролын хяналт–шинжилгээ, үнэлгээний хүрээлэнгийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 5 дугаар түвшингээс доогуур оноо авсан хүмүүс хэлний бэлтгэл сургалтад хамрагдана).

3. Тавигдах шаардлага:

- Монгол Улсын иргэн байна;

- 1968 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн байна (судлаачийн сургалтад   хамрагдах хүмүүст насны хязгаар тавихгүй);

- Магистрын сургалтад хамрагдах хүмүүс бакалавраас дээш, докторын болон судлаачийн  сургалтад хамрагдах хүмүүс магистраас дээш боловсролтой байна;

- Бакалавр, магистрын дипломын голч дүн 80-аас дээш байна;

- Англи хэлний мэдлэг (TOEFL-ийн 550, CBT-ийн 173, IBT-ийн 61, IELTS-ийн 5,5, TOEIC- ийн 750 ба түүнээс дээш оноо)-тэй байна;

- Өмнө нь БНСУ-д тэтгэлэгт сургалтад хамрагдаагүй байна;

- Судлаачаар суралцах хүмүүс нь БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний  байгууллагын урилгатай байна;

- Магистр, доктор, судлаачийн сургалтад хамрагдах их, дээд сургуулийн багш нар сургуулийн тодорхойлолттой байна.

Тайлбар: БНСУ-ын их сургуулийн магистр, докторын үндсэн сургалтад хамрагдаж буй хүмүүсийг шалгаруулалтад оруулахгүй.

4. Тэтгэлгийн хэмжээ: Магистр, докторын сургалтын төлбөр, судалгааны ажлын зардал, хэвлүүлэлт, хэлний бэлтгэлийн төлбөр, сар бүрийн амьжиргааны тэтгэлэг (900.000 вон), хоёр талын онгоцны билет, эрүүл мэндийн даатгал.

5. Бүртгэл: Бүртгэлийг 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн төв байрны 401 тоот өрөөнд явуулна (лавлах утас: 322552).

6. Бүрдүүлэх бичиг баримт:

- Анкет (маягтын дагуу);

- 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авахуулсан байна);

- Бакалавр, магистрын диплом, дүнгийн хавсралтын хуулбар (докторантурт болон   судлаачаар суралцах хүмүүст хамаарна);

- Баклаврын диплом, дүнгийн хавсралтын хуулбар (магистрантурт суралцах хүмүүст  хамаарна);

- Ажил байдлын тодорхойлолт (тухайн мэргэжлээр суралцах бэлтгэл, эрдэм шинжилгээний   ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон байна);

- Удирдагч багшийн тодорхойлолт (маягтын дагуу);

- Өөрийн танилцуулга (маягтын дагуу);

- Тангарагийн бичиг (маягтын дагуу);

- Суралцах төлөвлөгөө (маягтын дагуу);

- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт;

- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт (хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид элсэн суралцах хүмүүст хамаарна);

- Судлаачийн сургалтад хамрагдах хүмүүс албан газрын тодорхойлолт болон сургуулийн  тодорхойлолтоо ирүүлнэ;

- Эрүүл мэндийн тодорхойлолт (шалгаруултад тэнцсэн хүмүүс нэмж бүрдүүлнэ);

- Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.

Тайлбар: Бүх бичиг баримтыг англи буюу солонгос хэл дээр бүрдүүлэх бөгөөд бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна. Бүрдүүлэх баримт бичгийн маягтууд болон энэ тэтгэлэгт сургалтын талаарх бусад мэдээллийг БНСУ-ын Олон улсын боловсролын хөгжлийн үндэсний хүрээлэнгийн вэб сайт (www.ied.go.kr)-ын “Гадаад оюутнуудад зориулсан мэдээлэл” гэсэн хэсгийн “БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “FAQ” булангаас татаж авна уу. Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон хүнийг бүртгэхгүй.

7. Шалгаруулалт: Шалгаруулалтыг ярилцлага хэлбэрээр зохион байгуулна. Ярилцлагад орох цагийн хуваарийг 2008 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүднийн самбар дээр зарлана. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн материалыг БНСУ-ын холбогдох байгууллагад хүргүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал, суралцах сургуультай хамтран гаргана.


 

Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Оруулсан: ОУХАА-ны ахлах мэргэжилтэн Д. Туул