Ажлын байрны нээлттэй өдөрлөг боллоо

Механик, тээврийн сургуулийн “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. Төгсөгч оюутнуудыг ажилд зуучлах болон суралцагч оюутнуудыг дадлага хийх, зуны амралтаараа ажиллах сонирхолтой ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор жил бүр ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн өдөрлөгт ЗТХЯ, ИНЕГ, МИАТ, Таван толгой төмөр зам ХХК, Зорчигч нэгтгэл ОНӨААТҮГ, Оюу толгой ХХК, АПУ ХХК, Таван богд ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 38 байгууллага оролцлоо.

 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдлаа. Сургуулийн үйл ажиллагаа дэмжиж, материаллаг баазыг бэхжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Таван толгой төмөр зам”, “Шинжидай метал”, “Аэро Монголиа”, “Барловорлд Монголиа”, “Монхорус” ХХК байгууллагуудад талархал гардууллаа. Энэ үеэр “Таван толгой төмөр зам” ХХК-ны Захиргаа, санхүү эрхэлсэн дэд захирал Я.Намсрай тус байгууллагын ажлын байрны шаардлагад нийцсэн, сурлагаараа шалгарсан “Дотоод шаталтын хөдөлгүүр” болон “Машины электрон систем” мэргэжлийн ангийн 5 оюутанд ажлын урилга гардуулан өглөө.

 

 Ажил олгогч байгууллагууд өөрсдийн ажлын байрны танилцуулга хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, сонирхож байгаа төгсөгч оюутнуудын хүсэлт, өргөдлийг хүлээж авлаа. МехТС болон ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах санал солилцох уулзалтыг хийж цаашид хэрхэн хамтран ажиллах хүний нөөцөд болон төгсөгчдөд тавигдах шаардлагын талаар мэдээлэл солилцов.

Механик, тээврийн сургууль