ШУТИС, ҮТС-ийн ХҮТИС-ын ахмад багш, Шима сейки төвийн захирал, Шинжлэх Ухааны Доктор “Нэхмэлийн Энхтуяа” багшийн хөдөлмөр алдар, номын баярыг тэмдэглэв

Шинжлэх ухааны доктор, профессор Д. Энхтуяа багшийн 40 жилийн хугацаанд эрдэм судлал, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оруулсан хувь нэмэр, нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлсэн инновацийн бүтээл, шинэ технологийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР тэмдэглэх, шинэ номын баярын өдөрлөг 2022 оны 04 сарын 15-ны  өдөр ШУТИС-ийн хичээлийн 8-р байрны 12 давхар  Олон улсын хурлын өрөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Профессор Д. Энхтуяа 1981 оноос МУИС-ийн ПДС-д багшаар ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл ПДС, ТИС, ШУТИС – д тасралтгүй багшаар ажиллаж байна. Тэрээр 2000-2014 онуудад ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал, Нэхмэлийн үйлдвэрийн  тэнхим болон Нэхмэл судлалын салбарын эрхлэгчээр ажилласан. 2015 оноос Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, дизайны технологи профессорын багийн профессор, 2016 оноос “Shima Seiki training center” сургалт судалгааны төвийн захирлаар ажиллаж байна. Багшлах хугацаандаа “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Нэхмэлийн дизайн” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг удаа дараа шинэчлэн сайжруулж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд санаачилгатай ажиллаж ирснээр “Нэхмэлийн технологи” хөтөлбөр үндэсний болон олон улсад (ASIIN) амжилттай магадлан итгэмжлэгдсэн юм.  Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн сурах бичиг, гарын авлагуудыг бичсэний зэрэгцээ 12 ном, гарын авлагын редактораар ажилласан байна.

Түүний судалгааны ажил нь Монгол орны ямааны ноолуурын бүтэц, шинж чанарын онцлог, анхан шатны болон ээрэх технологийг боловсронгуй болгоход чиглэгддэг бөгөөд судалгааны ажлын үр дүнгээр 6 нэг сэдэвт бүтээл туурвисны 1 нь орос хэл (Технология первичной обработки и прядения козьего пуха 2011) дээр хэвлэгджээ. Мөн эрдэм шинжилгээний өгүүлэл 97 өгүүлэг нийтлүүлсний 26 нь гадаадын сэтгүүлүүдэд хэвлэгдсэн.  1990–ээд оноос Шинжлэх ухаан технологийн нийт 36 төсөлд оролцсоны 20 нь судалгааны, 9 нь гадаадын санхүүжилттэй төсөл байгаагийн зэрэгцээ 10 нь түүний удирдсан төсөл бөгөөд үр дүнг үйлдвэрт бүрэн нэвтрүүлсэн.  Судалгаа, туршилтын ажлын хүрээнд оюуны өмчийн 11 патент, 5 ашигтай загварын эрх хамгаалсан.

Энэ өдөр дөнгөж хэвлэлтээс гарсан ШУТИС-ийн үндсэн сурах бичиг болох “Ноос, ноолууран ээрмэлийн технологи” шинэ номыг нийтэд танилцууллаа. Зургаан бүлэг бүхий энэхүү ном нь ээрмэлийн шинжлэх ухааны хөгжил дэвшил, шинэ онцлог технологи, монгол ноос, ноолуурыг ээрэх технологи зэргийг багтаасан байна.


Өдөрлөгт профессор Д. Энхтуяа багштай хамтран ажиллагч ХХААХҮЯам, ШУТСан, СХЗГазар, ХҮСХХ, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо,  салбарын үйлдвэр байгууллагуудын төлөөлөл болон үе үеийн төгсөгч, ШУТИС-ын хамт олны 80 гаруй зочид хүрэлцэн ирж оролцлоо.

Багш дор мөргөмүй.

Номын цагаан буян дэлгэрч байх болтугай.

ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар