“Инновацийн түншлэл 2022” онол практикийн хурал, хэлэлцүүлэг арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

“Инновацийн түншлэл 2022” онол практикийн хурал, хэлэлцүүлэг 2022.05.17-нд Мэдээлэл Технологийн Үндэсний Парк-д амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд сургалт судалгааны 17 байгууллагын 144, төрийн 8 байгууллагын 33, бизнесийн 16 байгууллагын 18, нийт 41 байгууллагын 200 гаруй төлөөлөгчид танхимаар, 20 орчим төлөөлөгч цахимаар оролцлоо.

  

Инновацын 7 хоногийн нээлтийг УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л. Энх-Амгалан нээж, УИХ-ын гишүүн, Инновац Цахим Бодлогын Байнгын Хорооны дарга Н.Учрал үг хэлэв.

Уг нээлтийн хүрээнд “Биокомбинат” ТӨХХК-Мал эмнэлгийн хүрээлэн, “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ХААИС, “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ШУТИС, ICT групп – ШУТИС хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

  

“Инновацын түншлэл-2022” хурлыг ШУТИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Т.Намнан нээж, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хүндэтгэлийн үг хэллээ.

“Инновацын түншлэл 2022” онол практикийн хурал, хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын нийт 16 төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар Инновацын түншлэлийн бодлого, зорилт, зохицуулалт, төлөвлөлт, их сургуулийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар илтгэл сонсож хэлэлцүүлсэн бол Салбар хуралдаан 1 дээр дижитал эрин үе дэх технологи, инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ шатанд гаргах түншлэлийн тулгамдсан асуудлыг, Салбар хуралдаан 2 дээр төр, бизнесийн байгууллагын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, инновацийн хүрээнд хамтран ажиллах боломж, шийдлийг хэлэлцсэн нь өмнөх жилүүдийн арга хэмжээнээс илүү онцлогтой байлаа.

“Инновацын түншлэл 2022” арга хэмжээнд оролцогч байгууллагууд дижиталчлал, инновацын шинэ бүтээгдэхүүний түншлэлийн асуудлаар бүх нийтийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, нэгдсэн сүлжээгээр дамжуулан мэдээлэл солилцох тал дээр санал нэгдэж, бүх талаар үр ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Уг арга хэмжээг Ай Си Ти групп ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/, Турк Эйрлайнс ХК ивээн тэтгэж оролцов.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС