Энэ оны 5-р сарын 13-ны 17:00 цагт “Норфей Арт” галерейд зураач П.Пүүдоржийн “Эхлэл III” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Зураач П.Пүүдорж нь 1992 онд Дүрслэх урлагийн коллежийг график зураач, 1997 онд МУБИС-ийг зураач, багш мэргэжлээр төгссөн. Тэрээр 2004 онд БНХАУ-н Ханжоу хотын Уран зургийн Академид мэргэжил дээшлүүлж ирээд өнөөг хүртэл уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй билээ. Түүний бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгүүд нь хоорондоо харилцан адилгүй, баялаг болж ирсэн бөгөөд гурав дах удаагийн “Эхлэл III” үзэсгэлэн нь ч “нээлтээр” дүүрэн болох нь гарцаагүй.
2013 онд П.Пүүдорж анхны бие даасан “Эхлэл I” үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, усан будаг, хуурай зүү, тосон будаг зэрэг дүрслэх урлагийн олон техник, арга барилаар бүтээгдсэн бүтээлүүд дэлгэгдэж байсан бол 2015 онд олны хүртээл болсон “Эхлэл II” бие даасан үзэсгэлэн нь дан усан будгийн судалбар зургуудаас бүрдэж байв. Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн усан будгийн бүтээлүүд нь хөнгөн чөлөөт бичилттэй, нойтон болон хуурай техникийг хослуулан бүтээсэн нь түүнийг усан будгийн маш чадварлаг зураач болохыг олонд таниулсан.
Уран бүтээлч маань “Эхлэл III” бие даасан үзэсгэлэндээ зориулан арван найман цоо шинэ бүтээлийг бүтээжээ. Үзэсгэлэнд дэлгэгдэх тус бүтээлүүд нь арга техникийн хувьд монгол зураг-график ажиллагааг хослуулан бүтээгдсэн нь өөрийн өвөрмөц арга барилтай мастер бүтээлч болохыг харуулж байгаа бөгөөд бүтээлүүдээ туурвихын тулд соёл, түүх, угсаатны зүй, археологийн судалгааг хийж уран сайхны аргаар илэрхийлсэн нь ялгаран үзэгдэх ажээ.
Зураач П.Пүүдоржийн “Эхлэл III” бие даасан үзэсгэлэнд толилуулагдах бүтээлүүд нь түүнийг өөрийн гэх онцгой арга барилаа олж, өөрийгөө нээсэн уран бүтээлч болохыг илтгэн харуулж байна.
Үзэгч та бүхэн П.Пүүдоржийн уран бүтээлийн үзэсгэлэнд тухлан саатваас бахархам түүх, түүхэн хүмүүсээ нэхэн санаж, өөрийн гэх шинэ түүхийг бүтээх урам зориг, хүч тэнхээ олж авна гэдэгт эргэлзэхгүй байна.
“Эхлэл III” үзэсгэлэн 2022 оны 5-р сарын 17-ныг дуустал “Норфей Арт” галерейд үргэлжилнэ.
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа