НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн төслийн үр дүнгээ танилцуулав

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол улсад 2022 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд 2022 оны 8-р сарын 9-ний өдөр Монгол дахь НҮБ-ийн харьяа 11 байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг төлөөлөн хүрээлэнгийн Ноос, ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батчимэг оролцож, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын (ЮНИДО) удирдлага, дэмжлэг, санхүүжилтээр хонины ноосон ээрмэлийн чанарыг сайжруулан бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн хүрээлэнгийн төслийн үр дүнг НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргад танилцууллаа.

Энэхүү төслөөр Монгол хонины бүдүүн ноосыг түүхий эдийн бэлтгэл -- ноос хяргахаас эхлүүлэн угаах, хялгас ялгах, аппаратын ээрэх системээр утас ээрэх, утсаар сүлжих, нэхэх, эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэл технологиудыг шинэчлэх, шинээр бий болгох, нэмүү өртөг шингэсэн инновацын шинэ нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнүүдийг бий болгосон. Төслийн үйлдвэрлэл-туршилтын ажлыг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд Ховд аймгийн “Алтай уулсын оргил” хоршоо, Төв аймгийн “Могол ноос” ХХК-н угаах үйлдвэр, Улаанбаатар хотын “ESB” ХХК-ний хялгас ялгах үйлдвэр, “Монгол нэхмэл” ХК-ний ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрүүдийн инженер, техникийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэсэн юм. Түүнчлэн хүрээлэнгийн судлаачид ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн инженер, техникийн ажилтнуудад зориулан аппаратын ээрэх системийн технологийн сургалтыг олон улсын текстилийн мэргэжилтэн Лайнус Вутай хамтран зохион байгуулж, ээрэх технологийн гарын авлага болон онлайн сургалтын материалыг боловсруулсан.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш төслийн үр дүнг өндрөөр үнэлж, ноос, ноолуурын салбар нь Монгол улсын аж үйлдвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэлээ.  

Дашрамд дурдахад, ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн нь Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас (ЮНИДО) Монгол улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн "Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM 2)" төслийн хүрээнд дараах төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. "Текстилийн үйлдвэрлэлд сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалтын стандарт ажиллагааны зааварчилгаа ба сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх" 2019.05.-2020.05.

2. "Текстилийн үйлдвэрлэлийн ноосон ээрмэлийн чанарыг сайжруулах" 2020.08.-2021.02.

3. "Зах зээлийн холбоос ба хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон загварын арга хэмжээ" 2020.06.-2021.02

4. "Малын арьс, шир өвчих, хуулах тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл" 2019.04.-2019.10, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтарсан төсөл.

Монгол улсын арьс, шир, ноос, ноолуурын салбарыг дэмжин ажиллаж байгаа       НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) болон бусад хамтрагч байгууллагуудад хүрээлэнгийн хамт олон хөнгөн үйлдвэрийн салбарынхны өмнөөс талархал илэрхийлье.

Бидний хамтын ажиллагаа улам бэхжиж, Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн