Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо

Эрдэм номын баярын өдөр дээд боловсролын салбарын хөгжлийг  манлайлан түүчээлсэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022-2023 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Нээлтийн ёслолын ажиллагаанд БШУЯ-ны ШУТБИХХЗГ-ын дарга, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Баттогтох, ШУТИС-ийн захирал Т.Намнан, ШУТС-ийн захирал Д.Одгэрэл, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Хичээлийн шинэ жилийг нээж ШУТИС-ийн захирал Т.Намнан шинээр элсэн суралцаж байгаа оюутан залууст баяр хүргэж сургалтын өндөр амжилт хүсээд, ШУТИС-ийн эрдмийн хамт олны өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн олон арван ололт амжилтуудыг дурдаж, профессор багш, зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд, оюутан, суралцагч, залууст хичээлийн шинэ жилийн баяр мэнд хүргэлээ.

Мөн “Өнгөрсөн хичээлийн жилд 3 хөтөлбөрийг АНУ-ын ACBSP (Accreditation council for business schools & programs) магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлснээр олон улсад бакалаврын 10 мэргэжил, магистрын 12 мэргэжлийг магадлан итгэмжлүүлж дэлхийн боловсролын салбарт ШУТИС хүлээн зөвшөөрөгдлөө. Цахим сургалтын системээ хөгжүүлж дэвшилтэт технологиудыг сургалтад идэвхтэй хэрэглэж, их сургуулийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаа, шинэ элсэгчдийн хуваарь сонголтыг улсын хэмжээнд цахим хэлбэрээр анх удаа зохион байгууллаа. Монгол улсын Төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд  харилцан кредит солилцох, их сургуулийн элсэлтийн шалгалтын олон улсын агуулга, үнэлгээг (SAT г.м.) нэвтрүүлэх, их сургуулиуд оюутнаа өөрсдөө үнэлж элсүүлдэг байх тогтолцоог бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны нээлттэй лаборатори байгуулах, хөгжүүлэх, нэгдсэн сүлжээ бий болгох талаар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж эхлээд байна. 

Монгол Улсын Засгийн газраас их дээд  сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбороор хөгжүүлэх зорилт тавьж, 291 дүгээр тогтоолоор бүс, орон нутгийн боловсрол, нийгэм, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийг шинээр нээж, энэ хичээлийн жилээс эхлэн элсэлтээ авч байгааг хэлэхэд таатай байна. Шинэ хичээлийн жилд бид дээрх ололт, амжилтаа улам бататгаж Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, “ШУТИС-2030” стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан, энтерпренер их сургууль болон хөгжих алсын зорилтын төлөө хамтдаа зүтгэх эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан залуус, төгсөгчид, хамтран зүтгэгч та бүхний мэдлэг чадвар, санал санаачлага, хичээл зүтгэлд эргэлзэхгүй байна” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Чингис Хааны эш хөргийг залах МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, Чингис хааны эш хөргийг залах ёслол боллоо.

ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд элссэн шилдэг элсэгчдийн төлөөлөлд “ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийн батламж гардуулсан юм.

  1. МТС-ийн Механик инженер хамтарсан мэргэжлээр элсэгч Д.Дашдэмбэрэл
  2. МХТС-ийн Мэдээллийн технологи мэргэжлээр элсэгч Б.Мөнх-Оргил
  3. ЭХС-ийн Экологийн Технологи мэргэжлээр элсэгч А.Сумьяасүрэн
  4. БАС-ийн Барилгын инженерчлэл мэргэжлээр элсэгч Б.Хулан
  5. МХТС-ийн   Программ Хангамжийн Инженерчлэл мэргэжлээр элсэгч И.Эрхтөгөлдөр

ШУТИС-ийн БАС-ийн Барилгын инженерчлэл мэргэжлээр элсэгч Б. Хулан,  МХТС-ийн Системийн аюулгүй байдал 2+2 мэргэжлээр элсэгч  Солонгос улсын Сүн Чон Хяны их сургуульд суралцах Ц.Номин-Эрдэнэ нар талархалын үг хэлж, эх орныхоо хөгжил, аж үйлдвэрийн салбаруудыг бэхжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ирээдүйн инженер болохын төлөө амжилттай суралцахыг нийт оюутнууддаа уриаллаа.

ШУТИС-ийн элсэгч оюутнууд “Оюутны тангараг” өргөж, хичээлийн шинэ жилийн анхны хонх цохисноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.