Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн 2022-2023 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаа  2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

Нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ШУТИС-ийн захирал Т.Намнан болон орон нутгийн удирдлага, ард иргэд, албаны төлөөлөгчид, эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо.

  

Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдтэй уялдуулан их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, орон нутаг дахь их, дээд сургуулийн салбаруудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор байдлаар төрөлжүүлэх, тухайн бүс нутаг болон орон нутгийн боловсрол, нийгэм, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монгол Улсын Засгийн Газар, БШУЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, уул уурхайн томоохон компаниудын дэмжлэгтэйгээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийг шинээр байгуулах ажлыг богино хугацаанд шат дараалан амжилттай шийдвэрлэж Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль байгуулагдан сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

  

ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд дотоодын болон олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн тэргүүлэх их сургуулиудын хөтөлбөрийг нутагшуулсан, CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн ШУТИС-ийн тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүд болох “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Мэдээллийн технологи”, “Газрын тосны инженер”, “Цахилгааны инженер” мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэх болно. 2022-2023 онд тус сургуульд дээрх мэргэжлүүдээр суралцахаар Улаанбаатар хот, 10 аймгаас нийт 120 оюутан элсээд байна.

  

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль байгуулагдсанд аймаг орон нутгийн удирдлагын зүгээс талархан дэмжиж тус сургуульд шинээр элсэн суралцаж буй 72 оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн буюу 300.000.000 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Мөн оюутан суралцагчдын суралцах, эрдэмтэн багш нарын тав тухтай ажиллаж амьдрах орчинг хангах зорилготойгоор 280.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэсэн байна. 2023 оны 1 дүгээр улиралд Монгол Улсын Засгийн Газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Өмнөговь аймгийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Өмнөговь технологийн сургуулийн хотхон байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.

  

Өмнөговь технологийн сургуулийн хотхоныг 2 үе шаттайгаар 20 га талбайд  байгуулах бөгөөд эхний шатанд 9,75 га талбай газарт 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инновац, судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын санг бүрэн хүчин чадлаар нь барихаар төлөвлөж байна. 2 дугаар шатанд 5,25 га талбай газарт 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн хичээлийн байр, 1500 оюутан зориулсан дотуур байр ашиглалтад орох юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан шинээр элсэн суралцаж байгаа оюутан залууст баяр хүргэж сургалтын өндөр амжилт хүсээд, ШУТИС-ийн эрдмийн хамт олны төлөөлөл болон орон нутаг дахь салбар сургуульд багшлахаар очсон багш нартаа тусгайлан баяр хүргэж, Технологийн сургуулийг байгуулахад  дэмжлэг үзүүлэн ажилласан орон нутгийн удирдлагуудад их сургуулийн эрдмийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургуулийн сургалт, судалгааны ажлын үр дүн нь бүс нутгийн хөгжилд төдийгүй, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

ШУТИС-ийн элсэгч оюутнууд “Оюутны тангараг” өргөж нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Эрдэм номын эрхэм буян эгнэгт дэлгэрэх болтугай!