Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ШУТИС-ийн "Хүндэт доктор боллоо

Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярт ШУТИС-ийн "Хүндэт доктор" цол олгох арга хэмжээ 2009 оны 3-р сарын 30-ны өдөр  боллоо. Энэхүү цол нь ШУТИС-ийн тэргүүн дээд шагнал бөгөөд Олон улсын ба Монгол улсын төр, нийгэм, шинжлэх ухаан,, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд олгодог юм . Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах ажлыг санаачилж, тус улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмэр, Монгол орны түүх, соёлын өвийг сэргээх, олон улсын хэмжээнд таниулах талаар хийсэн ажлууд , ШУТИС-ийн хөгжилд оруулсан оюуны болон материаллаг хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ийнхүү ШУТИС өөрийн тэргүүн дээд шагналаа олгож байгаа аж. Дашрамд сонирхуулахад Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ШУТИС-ийн 27 дахь "Хүндэт доктор" бөгөөд Дээрхийн гэгээн XIY далай лам Данзанжамц, ОХУ-ын Ерөнхий сайд М.М.касьянов, ОХУ-ын Холбооны улсын Холбооны зөвлөлийн дарга С.М. Миронов, Японы Бютик групийн Ерөнхийлөгч Фүкүда Коүзоү, Австрийн БСШУ-ны сайд Элизабет Герер, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхийлөгч Н.Багабанди  нарын зэрэг хүмүүс тус сургуулийн "Хүндэт доктор" цолоор өргөмжлөгдөж байжээ. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлд талархал илэрхийлж хэлсэн үгэндээ, энэхүү нэр хүндтэйшагналыг хүндэтгэлтэйгээр хүлээж авахдаа би хоёр зүйлийг бодож байна. Нэгдүгээрт,урьд өмнө Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүст улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУТИС-аас энэ цолыг олгодог уламжлалыг үргэлжлүүлж байгаа хэрэг гэж хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна. Хоёрдугаарт гэвэл  шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тал дээр төр засгаас бага анхаарч байна гэж  анхааруулсан хөл бөмбөгөөр бол  шар хуудас өгч байгаа хэрэг гэж ойлгож байна. Цаашдаа улаан хуудас авахгүйг хичээх болноо гэсэн юм.