ШУТИС-ийн захирал Проф. Т. Намнан ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа

   2022-оны 12-р сарын 3-ний өдөр Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) -ын Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30-н жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ёорн Розенбергийг ШУТИС-ийн захирал Проф. Т. Намнан  хүлээн авч уулзан, ШУТИС болон Германы эрдмийн солилцооны DAAD байгууллага, их дээд сургуулиудын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Энэхүү уулзалтын үер захирал Т. Намнан Германы DAAD байгууллага Монголд анх үйл ажиллагаа  эхлүүлснээс хойш өнөөг хүртэл  ШУТИС-тай үр бүтээлтэй хамтран ажиллаж, тус  байгууллагаас хэрэгжүүлсэн урт, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд ШУТИС-ийн залуу багш, судлаачдыг хамруулан тэдний мэргэжил мэдлэгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон дурьдаж, Германы ЭСЯ, Германы DAAD байгууллагад талархлаа илэрхийллээ. Мөн ШУТИС, Германы их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, ШУТИС –дээрх Герман хэлний сургалтын талаар элчин сайдад товч танилцуулав.

Өнөөдөр ШУТИС-д Герман хэл дээр 2 хөтөлбөр хэрэгжиж байна.

Үүнд:

  • Герман хэлний Инженерийн бэлтгэл хөтөлбөр

Энэ хөтөлбөр нь ШУТИС-д хэрэгжиж эхэлснээс хойш 25 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна

  • ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн Академитай хамтарсан 3+1 хөтөлбөр

Тус хөтөлбөрөөр ШУТИС, ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академитай 2011-нд гэрээ байгуулан, 2012-онд элсэлт авснаас хойш 10 дахь жилдээ сургалтын үйл  ажиллагаа явуулж байна

Т. Намнан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд  аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд хамтарч ажиллах боломжийг судлах, Германы их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн  хөгжүүлэх талаар тодорхой санал боловсруулж, 2023-оны 1-р сард багтаан ХБНГУ-ын ЭСЯ-нд  2 талын уулзалтыг зохион байгуулахаар тохиров.

 

Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба