Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийслэлийн хөгжил, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, хот байгуулалтыг тогтвортой хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хөгжүүлж, хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль” хооронд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал профессор Т.Намнан, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компанийн захирал Н.Баярчимэг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд дараах асуудлаар хамтран ажиллах боломжтойгоо харилцан илэрхийллээ. Үүнд:

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжүүлэхтэй холбоотой Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээлийг турших,
  • Тухайлсан төсөл, шийдлийн санал дээр салбарын мэргэжлийн судлаачдын дүгнэлтийг боловсруулж, мэргэжлийн судалгаа, шинжилгээг хамтран хийх

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бакалавр, магистр болон докторын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг дадлага хийлгэх хөтөлбөрийг тогтмол зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэмтэн судлаачдын туршлага, нөөц бололцоо, бүтээлч ажлыг дэмжих замаар нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Төрийн бодлогын хэрэгжилтэнд чиглэсэн олон талт бүтээлч ажлуудыг өрнүүлэхээр Төр-Их сургуулийн тогтвортой түншлэл, харилцан уялдаатай хамтын ажиллагааг өргөжүүлэх энэхүү санамж бичгийг байгуулж байна.  Санамж бичиг байгуулах арга хэмжээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Инноваци, технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компанийн дэд захирал Н.Дашдэмбэрэл, компанийн Төр хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газрын захирал М.Мандах нар оролцлоо.

Инноваци, технологи дамжуулалтын төв