ШУТИС-ийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023-2024 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаа 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга, Боловсрол шинжлэх ухааны яамны шинжлэх ухаан, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ШУТИС-ийн захирал Т.Намнан, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Хичээлийн шинэ жилийг нээж ШУТИС-ийн захирал Т.Намнан шинээр элсэн суралцаж байгаа оюутан залууст баяр хүргэж сургалтын өндөр амжилт хүсээд, ШУТИС-ийн эрдмийн хамт олны өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн олон арван ололт амжилтуудыг дурдаж, профессор багш, зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд, оюутан, суралцагч, залууст хичээлийн шинэ жилийн баяр мэнд хүргэлээ.

 

ШУТИС-ийн захирал Т.Намнан: “Өнгөрсөн хичээлийн жилд бид их сургуулийн эрдмийн хамт олныхоо дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд ололт амжилтаар дүүрэн жил байсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Багш, хамт олны уулзалтуудыг зохион байгуулж, сургуулийн хөгжил, хэтийн зорилтуудаа тодорхойлох, хэрэгжүүлэх хүрээнд тэднийхээ санал, санаачилгуудыг тусган ажиллаа. Асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн эрин үед тавигдах шаардлага, мэдлэг, ур чадварыг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэсэн Сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, их сургуулийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах шинэчилсэн эрх зүйн орчныг бий болгож ШУТИС- ийн бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд санхүүгийн болон тодорхой хүний нөөцийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрхийг шилжүүлж, багш ажилчдын цалинг нэмэгдүүлж, багш нарыг үйлдвэрлэлийн орчинд ажиллах, дадлагажих эрх зүйн зохицуулалтыг хийж ажиллаа. Мөн их сургуулийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны 130 9001:2015 стандартыг нэвтрүүлж, захиргааны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, их сургуулийн үйл ажиллагааг илүү үр ашигтай зохион байгуулах, хүний нөөцийн зохистой харьцааг бий болгох, байгууллагын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд их сургуулийн бүхий л үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлж, олон улсын шалгуураар үнэлж дүгнэдэг боллоо. Оюутан суралцагчдыг гадаад, дотоодын байгууллагуудад цалинтай дадлага хийлгэх, тэтгэлэг, дэмжлэг үзүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллаа. ЮНЕСКО-IСНЕI байгууллагатай хамтран ажиллаж, салбар тэнхимийг ШУТИС-ийн дэргэд байгуулж, Европын холбооны, ЖАЙКА, КОЙКА байгууллагын болон Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэй гадаад дотоодын байгууллагуудтай хамтарсан олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Дээрх төслүүдийн хүрээнд тус их сургуульд дэлхийн хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж оюутан, судлаачид мэргэжлийн дадлага, судалгаа шинжилгээний ажил хийх боломж улам нэмэгдэж байна. Мөн орчин үеийн судалгааны тэргүүлэх лабораториуд, гарааны компаниуд шинээр байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал, олон улстай хамтарсан судалгааны ажлыг амжилттай зохион байгуулах зэргээр эрдэм судлалын хөгжилд ахиц дэвшил гарсан хичээлийн жил байлаа.

Энэ бүхний хийж хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажилласан хамт олон, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга, гишүүддээ талархал илэрхийлье. 2023- 2024 оны шинэ хичээлийн жилд ШУТИС-ийн ахлах сургуульд 120, харьяа технологийн коллежуудад 218, бакалаврын төвшинд 3800 гаруй оюутан суралцагчид элсээд байна. Шинэ элсэн суралцаж байгаа та бүхэндээ: Шинэ хичээлийн жилд ШУТИС-ын мэргэжил, хөтөлбөрийг сонгон, энэ их айлын эгнээд нэгдэн орж ирсэнд Их сургуулийнхаа нийт эрдмийн хамт олны өмнөөс тусгайлан чин сэтгэлийн талархал илэрхийлж, хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Мэдлэг, мэдээллийн энэ зуунд Улс үндэстний маань хөгжил дэвшил, сэргэн мандалтын ҮНДЭС СУУРЬ нь Бүтээлч, өндөр мэдлэг, ур чадвартай, шударга, тууштай, нэгдмэл бодол, хүсэл, тэмүүлэлтэй ХҮМҮҮН БАЯЛАГ байх болно. Өнөөдөр энэхүү баялгийг бүтээгч, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн жолоодогч нь ШУТИС-ийг төгссөн мянга, мянган төгсөгчид, үе үеийн эрдэмтэн багш, ажилтан ажилтнууд байдаг, энэ залгамж холбоосыг бэхжүүлж, ирээдүйн хөгжлийн их бүтээн байгуулалт, түүхийг бүтээгчид нь та бүхэн байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинээр батлагдсан Боловсролын багц хууль, ШУТИС-ийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд олон ажлуудыг бид Энэ хичээлийн жилд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улс түүхэндээ анх удаа Боловсролын хуулийг багцаар нь өөрчлөн шинэчилж, шинэ зууны, шинэ боловсролын хөгжлийн эрх зүйн орчныг бүрдүүллээ. Хууль хэрэгжүүлэх, тусгагдсан боломж, зохицуулалт бүрийг их сургуулийн бүх шатны сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, зорилттой уялдуулан ажиллах шаардлагатай болж байна. Иймд шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн зохицуулалтын хүрээнд их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, засаглал, санхүүжилтийн чиглэлд холбогдох өөрчлөлтүүдийг бид бүхэн эхлүүлэх болно. ШУТИС-ийн стратеги төлөвлөгөөний хүрээнд 2030 онд дэлхийн шилдэг сургуулиудын эгнээнд багтаж, дэлхийн жишигт нийцсэн их сургууль болон хөгжих, нийт профессор багш, ажилтан, оюутан суралцагсдын оролцоонд тулгуурлан боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх, улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлууд, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн сэргэлтийг дэмжих технологи, инновацийн үйл ажиллагааны манлайлагч нь байх зорилго, зорилтуудаа мөн хэрэгжүүлнэ. Багш, ажилтны ажиллах, Оюутан суралцагсдын суралцах, судалгаа хийх шаардлагыг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хүний хөгжлийг дэмжих, профессор багшид тавигдах шаардлага, шалгуурыг тодорхой болгох, цалин хөдөлмөрийн хөлсний зааг ялгааг бодитой болгох зэрэг олон ажлуудыг үе шаттай үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Орон нутгийн аж үйлдвэрийн хөгжлийн онцлогт нийцсэн шаталсан сургалтын тогтолцоог бий болгох зорилгоор энэ хичээлийн жилээс Өмнөговь, Эрдэнэтийн харьяа сургуулиудад Коосэн хөтөлбөрүүдийг шинээр эхлүүлж байна. Монгол улсын засгийн газраас саяхан манай их сургуулийн харьяанд орон нутагт байгаа зарим МСҮТ, Политехникийн коллежуудыг нэгтгэн зохион байгуулах шийдвэр гаргалаа. Бид газар нутаг, байршлаас үл хамааран сургалт, судалгааны чанар, үйлчилгээг өндөр төвшинд байлгаж, суралцагчдад шатлан суралцах, сургалтын олон талт хэлбэрүүдийг оновчтой сонгон хэрэгжүүлнэ.

Их сургуулийн гадаад, дотоод түншлэлийг хөгжүүлэх, харилцан ашигтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төгсөгч, дэмжигч, хамтран ажиллах дотоод гадаадын байгууллага, хувь хүнд бид бүхэн нээлттэй байна. Шинэ хичээлийн жилд бид өмнөх ололт, амжилтаа улам бататгаж судалгаанд суурилсан их сургууль болон хөгжих эрхэм зорилтуудаа үр дүнтэйгээр хэрэгжүүлэн, улс орныхоо хөгжилд, дэвшилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө чармайн ажиллах болно. Энэ бүхэн та бидний нэгдмэл бодлого, хамтын оролцоо, шийдвэр, сайн харилцаа, хүсэл, тэмүүлэл, гүйцэтгэл үр дүнгээс шууд хамаарна гэдгийг бид гүн ухамсарлаж ажиллах нь чухал байна. Эрхэм хүндэд зочид төлөөлөгчид, эрдэмтэн багш нар, ажилтан ажилтнууд, оюутан залуус, суралцагчид Та бүхэнд шинэ хичээлийн жилийн мэндийг дахин дэвшүүлж, Эрдэм ном, ажил амьдралын алтан шар зам нь өргөн, дардан байхын эрхэм ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр элсэлтийн ерөнхий шалгалтад хоёр хичээлээр 800 оноо авч элссэн шилдэг найман элсэгчдэд ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлгийг гардууллаа. “ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг” нь сургалтын төлбөр буюу бүтэн 1 жилийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг юм. “ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ээр БАС-ийн Архитектур мэргэжлээр элсэгч М.Болорханд, Б.Сансар, МехТС-ийн Авионик мэргэжлээр элсэгч Б.Мичид, МХТС-ийн Кибер аюулгүй байдал мэргэжлээр элсэгч М.Сайнжаргал, Компьютерын ухаан мэргэжлээр элсэгч П.Билгүүнтөгөлдөр, Программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр элсэгч М.Сонор, Хиймэл оюун ухаан мэргэжлээр элсэгч П.Мишээл, ЭХС-ийн Цахилгаан хангамж хамтарсан 2+2 мэргэжлээр элсэгч Э.Хоролбат нар тус тус шагнагдлаа.

 

ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгаан хангамж хамтарсан 2+2 мэргэжлээр элсэгч Э.Хоролбат талархалын үг хэлж, эх орныхоо хөгжил, аж үйлдвэрийн салбаруудыг бэхжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ирээдүйн инженер болохын төлөө амжилттай суралцахыг нийт оюутнууддаа уриаллаа.

Мөн нээлтийн үеэр ШУТИС-ийн орон нутаг дахь Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймаг дахь сургуулийн төлөөлөл цахимаар хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэв.  

Хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд зориулан монголын орчин үеийн хип хоп урсгалын нэгэн тод өнгө реппер Roockie буюу У.Мөнхбагана ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

ШУТИС-ийн элсэгч оюутнууд “Оюутны тангараг” өргөж, хичээлийн шинэ жилийн анхны хонх цохисноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.