ШУТИС-ийн оюутан залууст зориулсан “Монголчуудын үндэсний бичиг, төрийн бичиг болгохын учир” сэдэвт лекц

ШУТИС-ийн сайн дурын “Уран бичлэгийн клуб” 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд оюутан залуусын дунд Монгол хэл бичгийн соёлыг сурталчлах, үндэсний бичгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор зочин илтгэгчээр Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяаг урин “Монголчуудын үндэсний бичиг, төрийн бичиг болгохын учир” сэдэвт лекцийг хүргэлээ. ШУТИС-ийн Клубүүдийн Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан явуулж буй “Зочны цаг” хэлэлцүүлгийн хүрээнд 2024 оны 04-р сарын 09-ний өдөр хамтран зохион байгууллаа.

 

 

Зочин илтгэгч “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа бидэнд Монгол хэл бичгээ мэдэхийн ач тус, түүний давуу тал, хэрэглээний талаар өгүүлэхдээ:

  • Монгол бичгийн үүсэл
  • Монгол бичигт байх үг, өгүүлбэрийн бүтэц, авиа зүйн онцлог
  • Орчин цагийн монгол хэлний онцлог
  • Бичих журам, үндсэн элемент буюу махбодь
  • Шинэчлэн сайжруулалт, тулгарч буй аюул
  • Монгол бичгийн төрийн бичиг болгосноор гарах үр дүн, хуулийн хэрэгжилт зэрэг агуулгын хүрээнд маш мэдээллийг өглөө.

  

Оюутан залуусдаа олон чухал зүйлийг зөвлөсний дотор тэрээр хэлэхдээ “Монгол бичиг бол манай төдийгүй хүн төрөлхтний оюуны соёлын үнэт өв мөн. БНХАУ-ын ӨМӨЗО-д монгол бичгийг сурах, хэрэглэхийг хориглосон бодлого илэрхий болж, биеллээ ч олж буйг хүн бүхэн харж байна. Энэ нөхцөлд, бие даасан, туурга тусгаар Монгол Улс л монгол туургатны болон хүн төрөлхтний энэхүү үнэт соёлыг авч үлдэх түүхэн үүрэг хүлээж байна.

Босоо бичгээ төр, ард нийтийн албан ёсны бичиг болгож байж, ХЭРЭГЛЭЖ Л ХАМГААЛНА. Өөр арга зам бидэнд үлдсэнгүй” гэж захилаа.  Мөн бидний одоо хэрэглэж буй кирилл бичгийн хэл, ярианы хэлтэй хэрхэн зөрчилдөж дутуу утга, найруулга гаргадаг вэ гэдгийг тайлбарлахын сацуу Монгол бичгийн үг бүтэх чанар, нэг язгуураас салаалан үйл үг, нэр үг үүсэх, Монгол хүний сэтгэлгээний онцлог зэргийг жишээн дээр  харьцуулан тайлбарласан нь бидэнд маш үнэ цэнтэй ойлголтыг өгөв. Лекцийн төгсгөлд үзэгчдээс ирсэн асуултад Б.Элбэгзаяа багш хариулав.

Жич: Лекцийг видео хэлбэрээр бичиж авсан бөгөөд ШУТИС-ийн Уран бичлэгийн клубийн пэйж хуудас дээр тавигдах болно.

Тус лекцийн материалыг харахыг хүсвэл: Энд дарна уу.

Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгч Б.Элбэгзаяа, клубийн зөвлөх багш доктор Ц.Эрдэнэзаяа, хүрэлцэн ирсэн идэвхтэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Тус лекцэд Уран бичлэгийн клубийн гишүүд болон ШУТИС-ийн нийт 97 оюутан хамрагдлаа. Манай клуб цаашид Монгол хэл бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үнэгүй бийрийн сургалт, үзэсгэлэн, зөвлөгөө лекц зэрэг олон төрлийн ажлуудыг зохион байгуулах болно.

Уран бичлэгийн клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүд нартаа баярлалаа.

Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

                                    -Б.Ренчин

Уран бичлэгийн клуб

2024.04.09