ШУТИС-ийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаа 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр боллоо. Энэ жил Шинжлэх ухаан технологийн их сургуулийн түүхт 65 жилийн тохиож байна. Нээлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан, проректор, газар албадын дарга, бүрэлдэхүүн, харьяа сургуулийн захирлууд, эрдэмтэн багш, шинэ элсэгчид, ажилтан албан хаагчид, оюутан суралцагчид оролцлоо.

ШУТИС-ийн туг залах ёслолын дараа ШУТИС-ийн ректор Т.Намнан шинээр элсэн суралцаж байгаа оюутан залууст баяр хүргэж сургалтын өндөр амжилт хүсээд, ШУТИС-ийн эрдмийн хамт олны өнгөрсөн хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн олон арван ололт амжилтуудыг дурдаж, профессор багш, зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд, оюутан, суралцагч, залууст хичээлийн шинэ жилийн баяр, түүхт 65 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

 

ШУТИС-ийн ректор Т.Намнан: “Боловсрол, шинжлэх ухааны салбарын орчин үеийн өөрчлөлт шинэчлэлт, инновац, технологи дамжуулалт, шинэ мэдлэгийг буй болгогч манай их сургууль улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн баялаг түүх, өв уламжлалтай билээ. Энэ хугацаанд инженер, технологи, менежмент, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн 100 мянга гаруй мэргэжилтнийг амжилттай төгсгөн гаргаад байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын хүрээнд аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаатай уялдан манай сургууль нь үндэсний томоохон их сургуулийн хувьд чадварлаг инженер, технологичид, мэргэжилтэн, ажилтнаар хангах, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг, хариуцлага хүлээн ажиллаж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар бакалаврын 8 хөтөлбөрийн 13 мэргэжил, магистрын 4 хөтөлбөрийн 12 мэргэжил, дотоодын магадлан итгэмжлэлээр бакалаврын 31 хөтөлбөрийн 45 мэргэжил магадлан итгэмжлэгдсэн байна. Дэлхийн шилдэг их сургуулиудтай бакалаврын 17, магистрын 3 мэргэжлээр хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж гадаадын 152 их, дээд сургууль, дотоодын 67 байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байна. ЮНЕСКО, Европын холбоо, ЖАЙКА, КОЙКА зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй олон томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Дээрх төслүүдийн хүрээнд дэлхийн хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж тус их сургуульд нийлүүлэгдэж, өнгөрсөн хичээлийн жилд судалгааны 13 шинэ лаборатори байгуулагдсанаар оюутан, судлаачид орчин үеийн шинэ тоног төхөөрөмж дээр судалгаа шинжилгээний ажил хийх бололцоотой боллоо.

Орчин үеийн судалгааны тэргүүлэх лабораториудыг шинээр байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, 100 гаруй бүтээлийг Олон улсын үзүүлэлт өндөртэй сэтгүүлд хэвлүүлсэн зэрэг Эрдэм судлалын хөгжилд ахиц дэвшил гарсан жил байлаа.

Шинээр батлагдсан Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд их сургуулийн эрх зүй, бодлогын болон санхүүгийн шинэчлэлийг эхлүүлэн, ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсрууллаа. Стратеги төлөвлөгөөнд ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтан, оюутан залуусын оролцоонд тулгуурлан боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх, улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлууд, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн сэргэлтийг дэмжих технологи, инновацийн үйл ажиллагааны манлайлагч нь байх, дэлхийн шилдэг 1000 сургуулийн эгнээнд багтаж, дэлхийн жишигт нийцсэн их сургууль болон хөгжих зорилго, зорилтууд тусгагдсан.

Орон нутгийн аж үйлдвэрийн хөгжлийн онцлогт нийцсэн шаталсан сургалтын тогтолцоог бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас манай их сургуулийн харьяанд Улаанбаатар хот болон орон нутагт байгаа зарим политехник коллеж, ахлах сургуулийг нэгтгэн зохион байгуулсан. Ингэснээр ШУТИС нь өнөөдөр 12 бүрэлдэхүүн сургууль, харьяаллын 5 эрдэм шинжилгээний улсын төсөвт хүрээлэн, 2 технологийн дээд сургууль, Коосэн технологийн коллеж, 3 политехник коллеж, 3 ерөнхий боловсролын ахлах сургуультайгаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад үйл ажиллагаагаа явуулж байна. Бид газар нутаг, байршлаас үл хамааран сургалт, судалгааны чанар, үйлчилгээг өндөр төвшинд байлгаж, суралцагчдад шатлан суралцах боломжийг бий болгон, сургалтын олон талт хэлбэрүүдийг оновчтой сонгон хэрэгжүүлж байна.

Шилдэг, авьяаслаг сурагч, оюутныг дэмжсэн бодлого хэрэгжүүлж гадаад, дотоодын байгууллагуудад цалинтай дадлага хийлгэх, тэтгэлэг, дэмжлэг үзүүлэх, ахисан төвшинд суралцаж буй оюутан судлаачид их сургуульдаа хичээл заах зэрэг зохицуулалтуудыг хийгээд байна. Мөн сурлагын амжилт, мэргэжлийн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, соёл урлаг зэрэг сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутанд кредитийн урамшуулал, оюутны хөгжлийг дэмжих чиглэлд олон үйл ажиллагааг тогтмол төлөвлөн зохион байгууллаа. Энэ хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд 346 оюутанд 1.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Эрхэм оюутан, суралцагчдаа:

Сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн ур чадварын эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлагад уялдуулан хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангаж ШУТИС-ийн хөтөлбөрүүдийг сонгон суралцаж буй шинэ элсэгч оюутнуудаа хүлээн авахад бэлэн боллоо.

2024-2025 оны элсэлтийн болзол шалгуурыг даван ШУТИС-ийн мэргэжил, хөтөлбөрүүдийг сонгон орж ирсэн бүх шатны 6000 гаруй элсэгчдэдээ тусгайлан талархал илэрхийлж, өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Орчин үеийн дэвшилтэт техник, технологи, бизнес, менежментийн хөгжилтэй зэрэгцэн инженерийн боловсрол хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед манай хамт олон шинэ арга зүй, технологи, боломжуудыг эрэлхийлсэн сургалт, судалгааг хөгжүүлж, Төр-Их сургууль-Үйлдвэрлэл, бизнесийн хамтын үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэх болно.

Дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын асар хурдацтай хувьсал өөрчлөлтийн эринд, эх орны ирээдүйн их бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэх ХҮМҮҮН таныг чадавхжуулан бэлтгэхэд нэн шаардлагатай Орон зайн стандарт бүхий орчин нөхцөлийг бүрдүүлэх нь зайлшгүй чухал байна. Энэ нөхцөл шаардлагын үүднээс Монгол улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны түүх~ 75 жил, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаа тогтоосны 10 -н жилийн ойн хүрээнд ШУТИС-ийн дэргэд Олон улсын инженерийн сургуулийг Хөшигийн хөндийд хамтран байгуулах МУ-н засгийн газрын шийдвэр гарч, бид гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хичээлийн жилд манай их сургуулийн түүхэн 65 жилийн ой тохиож байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хийж, хэрэгжүүлснээр бид Их сургуулийнхаа дараагийн жарны их түүхийг хамтдаа шинээр бүтээх юм. Ингэснээр ойрын ирээдүйд гайхамшигт бүтээн байгуулалтуудыг эх орондоо хийж бүтээх, жолоодон чиглүүлэх өндөр мэдлэг, авьяас, ур чадвартай, бүтээлч соёл хандлагатай шинэ түүхийг хамтдаа бүтээлцэх Хүмүүн баялаг хөгжин төлөвшинө гэдэгт гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Их сургуулийн санхүүгийн нөөц, чадавхад тулгуурлан багш, судлаач, оюутны сургалт, судалгааны орчин, оюутны амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажлыг төлөвлөн хийж ирсэн бөгөөд улмаар "2024-2025 оны хичээлийн жилийг ШУТИС-ийн багш, ажилтны ажиллах, оюутан суралцагчдын суралцах, судалгаа хийх шаардлагыг хангасан сурах, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг илүү шинэчлэн сайжруулах жил болгох" зорилт тавьж байна Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг татах, тодорхой зардлыг төвлөрүүлэх чиглэлд олон ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр зорих болно.

Нийт сурагч, оюутан залуус, эрдэмтэн багш, ажилтан ажилчид, эрхэм зочид оо:

Шинэ хичээлийн жилд хамтдаа өмнөх ололт, амжилтаа улам бататгаж, судалгаанд суурилсан энтерпренер хэв шинжтэй их сургууль болон хөгжих эрхэм зорилтуудаа улам илүү үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэн ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

ШУТИС-ийн Эрхэм хүндэт профессор багш нар, ажилтнууд, оюутан суралцагчид, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн та бүхэнд шинэ хичээлийн жилийн мэндийг дахин дэвшүүлж, эрдэм номын үйл хэрэг нь эгнэгт дэвжин дэлгэрэхийн эрхэм ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Жил бүр хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд шилдэг элсэгчдэдээ ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлгийг оюутнууддаа гардуулдаг сайхан уламжлалтай. “ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг” нь сургалтын төлбөр буюу бүтэн 1 жилийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг юм.  Энэ өдөр ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлгээр Барилга Архитектурын сургуулийн Барилгын инженерчлэл мэргэжлээр элсэгч Д.Жавзанпагма, Т.Айдос, Геологи уул уурхайн сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр элсэгч Ө.Хонгор, Эрчим хүчний сургуулийн Цахилгаан хангамж мэргэжлээр элсэгч О.Өсөхбаяр, Эмнэлгийн тоног төхөөрөмж мэргэжлээр элсэгч Ц.Жаргалмаа, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн График дизайн мэргэжлээр элсэгч Б.Есүй, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Кибер аюулгүй байдал мэргэжлээр элсэгч О.Ичинхорлоо, Программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр элсэгч Г.Төмөр-Очир тус тус шагнагдлаа.

 

ШУТИС-д шинээр элсэгч “шилдэг элсэгч”  оюутны төлөөлөн Мэдээлэл холбоо технологийн их сургуулийн Кибер аюулгүй байдал мэргэжлээр элсэгч Д.Доржпалам талархлын үг хэлж, эх орныхоо хөгжил, аж үйлдвэрийн салбаруудыг бэхжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ирээдүйн инженер болохын төлөө амжилттай суралцахыг нийт оюутнууддаа уриаллаа.

 ШУТИС-ийн элсэгч оюутнууд “Оюутны тангараг” өргөж, хичээлийн шинэ жилийн анхны хонх цохисноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Эрхэм хүндэт оюутан залуус, эрдэмтэн багш та бүхэндээ 2024-2025 оны хичээлийн Шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхэндээ ШУТИС-ийн түүхт 65 жилийн ойн баярын мэнд хүргэе!