Шинэ түүхэн хуудсыг нээж байна!
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд “Тоёота-Техникийн Сургалтын Хөтөлбөр” албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Уг хөтөлбөр нь Монгол Улсын авто инженер, механикийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулж, дэлхийн жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.
2024 оны 10-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан батламж гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан, Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн удирдлагууд, Тоёота Мотор Корпорацийн Зүүн өмнөд ази, Ойрхи Дорнодын бүс нутаг хариуцсан дэд менежер Такемура Акитоши, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масару Игавахара нар оролцож, хөтөлбөрийн ач холбогдол болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар онцлон тэмдэглэлээ.
ШУТИС-ийн Ректор Т.Намнан хэлэхдээ:
"1998 онд Тоёота Мотор Корпораци, ШУТИС хоорондын хамтын ажиллагаа эхэлж, түүнээс хойш 232 оюутан Тоёотагийн тэтгэлэг хүртэн суралцаж, 3,000 гаруй авто инженер сургалтын орчинд дадлагажсан. Өнөөдөр 'Тоёота-Техникийн Сургалтын Хөтөлбөр'-ийг нэвтрүүлж буй нь бидний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буй хэрэг юм." гэж онцлон хэллээ.
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Ягүчи Ёохэй:
"Манай компани Монголын автомашины зах зээлд автомашины борлуулалтын дараах үйлчилгээнд мэргэжлийн ур чадвар эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэх, автомашины механикчдыг чадавхжуулах замаар томоохон хувь нэмэр оруулж байна. Энэ удаа ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийг хөтөлбөрийн анхны хэрэгжүүлэгч сургууль болгон батламжилж байгаадаа баяртай байна." гэж дурдлаа.
Хөтөлбөрийн хүрээнд Тоёота Сэйлс Монголиа ХХК сургалтын зориулалттай Тоёота Приус 50 загварын автомашин, T-TEP сургалт зохион байгуулагдах анги танхимыг засварлан хүлээлгэн өгсөн бөгөөд хичээлүүдийг Авто инженерчлэл, Машины электрон систем мэргэжлийн 2, 4-р курсийн оюутнуудад зориулан явуулах юм. Тус сургалтуудад Тоёота Мотор Корпорацийн албан ёсны төлөөлөгч байгууллагын зочин багш нар хичээл зааж, оюутнуудыг онолын мэдлэг, практик ур чадварын хослол бүхий мэргэжилтнүүд болгон бэлтгэх болно.
Нээлтийн үйл ажиллагааны дараа Тоёотагийн хүндэт зочид ШУТИС-ийн Музейд зочилж, тус сургуулийн түүх, шинжлэх ухаан, инженерийн салбарт оруулсан хувь нэмэртэй танилцсан юм.
ШУТИС-ийн оюутнууд дэлхийн тэргүүлэх авто инженерийн салбарт бэлтгэгдэн, Монгол Улсын авто инженерчлэлд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн болоод байна.
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захиргаа
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо