ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т. Намнан тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны аравдугаар сарын 24-өөс 25-ны өдрүүдэд БНСУ-ын Чусон их сургууль, Гвангжүгийн Эрүүл мэндийн их сургуулийн урилгаар “Солилцоо, хамтын ажиллагаа хөгжүүлэх Солонгос-Монголын бодлогын уулзалт | Korea-Mongolia Policy Development Meeting | 한∙몽 교류협력을 위한 정책간담회” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн яамны орлогч сайд асан Үндэсний ассемблэйн гишүүн Ан Ду Гол, Чусон их сургуулийн Ректор, Гвангжүгийн Эрүүл мэндийн их сургуулийн Ректор, ШУТИС-ийн Ректор тэргүүтэй албаны хүмүүс оролцсон. Уг уулзалтын үеэр тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд их сургуулийн манлайллыг нэмэгдүүлэх, их сургууль, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гурван талт хамтын үр нөлөөг бий болгох олон улсын төслүүдийг дараах гурван чиглэлээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тогтлоо. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг хот төслүүдийг шинэ суурьшлын бүсүүдэд хэрэгжүүлэхэд хамтран оролцох, хөрөнгө оруулалт хийх. Энэ чиглэлээр БНСУ-ын ноу хауг нутагшуулах ажлын хүрээнд Гвангжү хотын захиргааны дэмжлэг дор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэнэ. Хоёрдугаарт, Монголын нийгмийн ажлын салбарыг орчин үетэй нийцүүлэх зорилгоор дижитал, ухаалаг нийгмийн ажлын сургалт, судалгааны салбарыг шинээр бий болгох олон улсын төсөл хэрэгжүүлэнэ. Мөн энэхүү зорилтын хүрээнд багш, оюутны хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэний суралцахуйг дэмжсэн нийгмийн үйлчилгээний дэд бүтэц бүхий их сургуулийн хотхоныг бий болгох, олон улсын эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг бий болгох. Гуравдугаарт дижитал технологид тулгуурлан залуучуудад зориулсан үндэсний соёлын өвийн талаарх боловсролыг нэмэгдүүлэх, соёлын өвийг дижитал болгох орон зайг бүтээх төсөл хэрэгжүүлэх юм.
Мөн айлчлалын хүрээнд Гвангжүгийн Эрүүл мэндийн их сургууль дээр БНСУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх “Жи-Локал Их Сургууль 30” төсөлд ШУТИС-ийг оролцуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ жил тус улсын Боловсролын яамны хураангуй жагсаалтад орсон 20 сургуулиас 6 их сургууль, их сургуулиудын 4 эвслийг сонгон уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төсөлд оролцохоор сонгогдсон сургууль тус бүрт БНСУ-ын Засгийн газраас 100 тэрбум вон (75.2 сая доллар)-ны санхүүжилтыг 5 жилийн хугацаанд хуваан олгох юм. Энэ төслийн хүрээнд ШУТИС-д “Дижитал, ухаалаг нийгмийн ажил” мэргэжлээр зэргийн болон зэргийн бус мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг хамтран хөгжүүлнэ. Мөн хоёр сургуулийн сургалт, судалгааны хөгжлийг дэмжих зорилгоор сургалтын болон бодлогын судалгааны лабораториуд байгуулж, багш, оюутан солилцоо, мэргэжлийн дадлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо.
Чусон их сургууль дээр зохион байгуулагдсан уулзалтын үеэр тус улсын хамгийн шилдэг мэргэжлийн холбоо болох Солонгосын Мэдээллийн Эрдэмтэн, Инженерүүдийн институт(KIISE)-д ШУТИС-ийг гишүүнээр элсүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Уг холбоонд элссэнээр “Скопус”, “Вэб оф сайнс”-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд ШУТИС-ийн багш, судлаачид бүтээлүүдээ хэвлүүлэх бололцоотой болох юм. Мөн ойрын хугацаанд Чусон их сургуулийн Мэдээллийн технологийн конверженсийн сургууль, ШУТИС-ийн МХТС, ХШУС-ийн хооронд хамтарсан судлаачдын семинар зохион байгуулж хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн. Мөн уг уулзалтын үеэр Чусон их сургуулийн Байгалийн шинжлэх ухаан, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургууль ШУТИС-ийн ХШУС-тай дата аналитикийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр тохиролцов.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
“DevFest MUST 2024” арга хэмжээг зохион байгууллаа
“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 32 дугаар эрдэм шинжилгээний зохион байгуулагдлаа
“Дулааны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Геологийн зураглалын кабинет МУ-ын Гавьяат багш, профессор Д.Чулууны нэрэмжит болов
ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгарууллаа