Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц”, “Зочин профессорын лекц”, “Ярианы булан” ба “Соёлын хичээл” боллоо

ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ: “Өөрийгөө шинэчлэх хүч”, “Миний Хайнань аялсан түүх” сэдвээр эхлүүллээ.

Тус клуб нь ШУТИС-д хятад хэл суралцаж буй оюутнуудын өөрийгөө хэрхэн ялж, өөрийгөө хэрхэн шинэчилж амжилттай суралцах зорилгоор ГХС-ийн ТМО хятад хэлний ангийн төгсөгч, Хувь хүний хөгжлийн мэргэжлийн сургагч багш Э.Ариунбаяр болон ЦХ 2+2 хамтарсан хөтөлбөрийн төгсөгч, MCS Property ХХК, Цахилгааны инженер С.Бэлгүтэйг урьж энэхүү лекцээ зохион байгууллаа.

 

Клубийн маань зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа энэ улирлын хичээлийн зорилго, төлөвлөгөө болон тус лекцээр ярилцах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.

    

Уригдсан илтгэгч нар: Хувь хүний харах өнцөг, муу зуршлыг ялан дийлэх, өөрийгөө шинэчлэх, суралцах аргаа олох, өөрийгөө оновчтой тодорхойлох, хэрхэн зорьсон зүйлдээ хүрэх, хятад хэл сурахдаа юуг анхаарах хэрэгтэй, суралцахад цагаа зөв зохицуулж, бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялж сурах гэх мэт олон чиглэлээр илтгэл лекцээ танилцуулан, оюутан дүү нартаа өөрсдийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцан, санал бодлыг нь сонсож зөвлөгөө өгч тэднийг бүтээлчээр суралцах урам сэдэл, ухаарлыг төрүүлсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөсөнд клубийн хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.

 

Энэхүү лекцэд ХШУС, ГУУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн болон клубийн бусад идэвхтэн 70 орчим гишүүн оюутан идэвхтэй оролцлоо.

 

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутны соёл үйлчилгээний алба, профессор багш нар, оюутан залуус, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2024-11-11

ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирал “Зочин профессорын лекц”-ээ ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудад олон улсын хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт шалгуулагчаас юу шаарддаг, хэрхэн үр дүнтэй бэлдэх, шинэчлэгдсэн хятад хэлний түвшин тогтоох ярианы HSKK шалгалтын агуулгыг таниулах зорилготой ГХС-ийн мэргэжилтэн багш, Шандун их сургуулийн профессор Wang Yanli багш болон ГХС-ийн ТМО хятад хэлний ангийн төгсөгч, ДХИС-хятад хэлний багш Т.Баярзаяа багшийг урьж “Хятад хэлний түвшин тогтоох HSK, HSKK шалгалтад хэрхэн бэлдэх вэ?” сэдвээр лекцээ зохион байгууллаа.  

       

Клубийн зөвлөх багш (Ц.Эрдэнэзаяа) тус лекцээр ярилцах сэдвийг бидэнд танилцуулан лекцээ эхлүүлэв.

Зочин илтгэгч: Wang Yanli багш: HSK, HSKK шалгалтын шаардлага, HSK, HSKK шалгалтад бэлдэж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа, шалгалтад хэрхэн бэлдэх, шалгалтад бэлдэх арга барилыг танилцуулсан бол Т.Баярзаяа багш өмнөө тавьсан зорилго, мөрөөдөлтэй, сониуч, тууштай, хичээнгүй, цагийн юмыг цагт нь хийж гүйцэтгэх, өөртөө итгэлтэй, дайчин байх дадалтай байх талаар харилцан ярилцав.

 

Хятад хэл сурч буй оюутан залууст нэн шаардлагатай сэдвээр ярилцсан нь шалгалт өгөхөөр төлөвлөж буй оюутнуудад эртнээс хэрхэн системтэй болоод үр дүнтэйгээр бэлдэх, өөрийн суралцах арга барилаа олж аван шалгалтад бэлдэх зэрэг өөрийн суралцсан арга, туршлагаа бидэнтэй хуваалцсан цаг үеэ олсон үр дүнтэй лекц болсонд клубийн нийт гишүүд оюутан залуусын өмнөөс зөвлөх багш болон зочин илтгэгч багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Уг арга хэмжээнд ГХС-ийн ТТО-хятад хэлний ангийнхан, ХШУС, ГУУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн болон клубийн бусад идэвхтэн 70 гаруй гишүүн оюутан идэвхтэй оролцлоо.

  

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутан төгсөгч, профессор багш нар, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

2024.11.12

ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”  

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2024-2025 оны хичээлийн намрын улирлын “Хятад хэлний ярианы булан” болон “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”-ээ Хятад цагаан сар, хайчилбар, хятад хоолны соёл, хятад хэл хийгээд сонирхолтой ханз тэдгээртэй холбоотой үг хэллэг харилцан яриа, өдөр тутмын ахуй амьдралтай холбоотой сэдвээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгох зорилгоор Ази судлалын тэнхимийн хятад хэлний мэргэжилтэн багш Лю Юүтин, Чю Шинван, Ян Зуи нарыг урьж хичээлээ зохион байгууллаа.

 

Хятад цагаан сар, хятад хайчилбар

Дээрх сэдвийн хүрээнд Чю Шинван багш Хятадын цагаан сар болон Хятад хайчилбартай холбоотой үг хэллэг, хэрэглээ гэх мэт мэдээллийг хятад хэлээр хэрхэн бичиж, ярьж хэрэглэхийг хичээлд хамрагдаж байгаа оюутан залууст заан зөвлөж, хоорондоо санал бодлоо солилцож, асуултад хариулж, үзэл бодлоо хуваалцлаа. Клубийн зүгээс оюутан залуусын хятад хэлээ сэргээж, сонсгол болон яриагаа сайжруулахад тус дэм болсон гэдэгт итгэлтэй байна.

  

Хятад хоолны соёл

Харин Ян Зү И багш Хятадын хоолны соёл сэдвээр Хятадын аль нутагт ямар мужид ямар хоол идэх боломжтой, тэдгээр нь өөр хоорондын ялгаа, дахин давтагдашгүй амтыг амтлах боломжтой, хоол бэлтгэх, идэх соёлын талаар оюутан залуус бидэнд тайлбарлан харилцан ярилцлаа.

 

Хятад хэл ба сонирхолтой ханз

Энэхүү сэдвийн хүрээнд Лю Юүтин багш ханз үсэг хэрхэн яаж үүссэн, анхны ханз үсэг өнөөгийн бидний сурч буй ханзнаас хэр өөр болох, хятад хэлний нутгийн аялгууны ялгаа, хятад хэлний үүсэл хөгжлийн талаар тун сонирхолтой танилцуулсан ба мөн хятад хэл судалж буй оюутан залууст хятадад гар утасны тусламжтайгаар таксинд суух, хоол захиалах, хятад тооны талаар гэх мэт сонирхолтой олон сэдвээр оюутнуудтай ярилцлаа.

 

 

Соёлын хичээл болон ярианы буланд маань ГХС-ийн ТТО-хятад хэлний ангийнхан, ГУУС, ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р курсийн давтагдсан тоогоор 100-аад оюутнууд идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн намрын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан залуус, дэмжин ажилласан профессор багш нар, эрхэм хүндэт клубийн зөвлөх багшдаа болон идэвхтэн гишүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2024.11.17