БНСУ-ын WITH ТББ-тай 2025-2030 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

БНСУ-ын “WITH” Төрийн бус байгууллага (ТББ) нь 1994 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 жил ШУТИС-тай хамтран ажиллаж байна. 2025 оны 02-р сарын 05-ны өдөр дараагийн таван жилд хамтран ажиллах гэрээнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан, БНСУ-ын WITH ТББ-ын гүйцэтгэх захирал Гуаг Миран нар гарын үсэг зурлаа.

  

Уг арга хэмжээнд Ректор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батзориг, Хүнс, хөнгөн үйлдвэр, дизайны сургуулийн (ХХҮДС) захирал Ж.Туяацэцэг, Шим тэжээл судлалын төвийн (ШТСТ) захирал С.Баянжаргал, судлаач Н.Энхжин, Г.Цогзол нар, БНСУ-ын “WITH” ТББ-ын Гүйцэтгэх захирал Гуаг Миран, зөвлөх Ким Сонми, мэргэжилтэн Парк Ёона болон тус ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Н.Буянтогтох, мэргэжилтэн Г.Мэндбаяр, Э.Сайнбуян нар оролцлоо.

  

Анх 2000 онд ШУТИС-ийн дэргэд Монгол-Солонгосын хамтарсан “Шим тэжээл судлалын төв” нээгдсэн үеэс эхлэн таван жил тутам хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа ба Монгол улсын хоол шим тэжээлийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хоол зүйч мэргэжилтнийг мэргэшүүлэн сургах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээлийн менежментийн жишиг загварыг бий болгох зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлсээр байна. Мөн ШУТИС-ийн төв байранд 2013оноос их сургуулийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг гал тогоо болох  “Meal plus”-ыг ажиллуулж эхэлсэн нь ХХҮДС-ийн хоол шим тэжээл, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлийн сургалт, дадлага ажлын гол сургалтын бааз болж байна.      

  

2025-2030 онд байгуулж буй энэхүү гэрээний онцлог нь хамтын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх тэр дундаа хоол зүйч, хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сурах бичиг, ном гарын авлагыг боловсронгуй болгох, сургалтын орчныг сайжруулах, ОУ-ийн чанартай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх зэрэгт чиглэж байна.

ШИМ ТЭЖЭЭЛИЙН ТӨВ