2025-ны 2-р сарын 26-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц, Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэд тэргүүн хатагтай Ханна Бэкер тэргүүтэй төлөөлөгчид ШУТИС-д айлчилж Ректор Т.Намнан, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, ШУТИС дахь Саксон мужийн их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрын захирал н.Болормаа нар хүлээн авч уулзлаа. Ректор Т.Намнан төлөөлөгчдөд ШУТИС-ийн сургалт, судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, ШУТИС-Германы их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид тодорхой чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо.

Уулзалтын дараа Элчин сайд ноён Хэльмут Кулитц ШУТИС-ийн оюутнуудтай уулзаж, ирээдүйн төлөвлөгөө, карьер зэрэг сэдвүүдээр семинар, ярилцлагыг зохион байгууллаа. Тэрээр оюутнуудад герман хэл сурах, германы их сургуулийн орчин, ажил эрхлэх боломжуудын талаар тайлбарлаж, оюунуудын санал бодлыг сонсож, тэдний сонирхсон асуултуудад хариуллаа.

ШУТИС нь Германы их, дээд сургуулиуд, тэр дундаа Фрайбергийн Уул уурхайн их сургуультай олон чиглэлээр хамтын ажиллагаатай тул Германд суралцаж, ажиллах таатай нөхцөл бүрдээд байна.
Уулзалтын үеэр Монгол оюутнуудын олон улсын түвшинд мэдлэгээ ашиглах, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл тэмүүллийг харахад сэтгэл хөдөлж байгаагаа элчин сайд дурдаад Германд ч бас эдгээр оюутнуудын эрч хүч, авьяасыг үнэлж, хоёр улсын шинжлэх ухаан, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь харилцан ашигтай болох талаар тэмдэглэн хэллээ.

Элчин сайд семинарын төгсгөлд халуун дотноор хүлээн авч, уулзалтыг зохион байгуулсан ШУТИС-ийн удирдлагууд болон ШУТИС дахь Саксон мужийн их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газарт талархаад, Германы их, дээд сургуулиудтай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо