БНСУ-ын Халла их сургуулиас 2025 оны 04 сарын 17-18-ны өдрийн хооронд Сөүл хотын метроны GTX-A компаны үйл ажиллагаатай очиж танилцах дадлагын ажлыг ШУТИС-ийн 8 багш, Төмөр замын академийн захирал Мин Кю Парк нар хамтран амжилттай зохион байгууллаа. GTX-A компаны захирал Ким Жунг Гон, гүйцэтгэх захирал Чо Жин Хван, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ки Кванг Хван нар дадлагад оролцогчдыг хүлээн авч метроны жолоодлого, удирдлага, хяналт, хөдлөх бүрэлдэхүүний засвар, үйлчилгээний депо, метроны аюулгүй байдлыг хамгаалах системтэй танилцуулав.
GTX-A компаны метроны шугам Сөүл хотын Үнжон буудлаас Сөүлийн төв буудал хүртэл 35 км урт үргэлжлэх бөгөөд метроны хурд 180 км/цаг хүрч байгаа нь дэлхийн хамгийн өндөр хурдтай метроны системд зүй ёсоор тооцогдож байна. Тус метроны шугамд 160 хөдлөх бүрэлдэхүүнтэй 20 галт тэрэг ашиглаж байна. GTX метроны шугам газрын гадаргаас доош 50 м гүнд байрладаг онцлогтой тул 3 удаагийн урсдаг шатаар доош бууж метроны шугамд хүрч очиж байна. Метронд сууж үзэхэд галт тэрэг өртөөнөөс хөдлөөд богино хугацаанд хурдаа авч 2 минутын дараа 175 км/цаг-ийн хурдтай зорчиж байна.
Метроны удирдлагын нэгдсэн төв СТС-д галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, хяналтын камерууд, метроны аюулгүй байдлыг хангах систем зэрэг удирдлага, хяналтын үйл ажиллагааг удирдан зохицуулж байна. Галт тэрэг тус бүрийн байршил, хөдөлгөөний хурд болон буудал дээр ирж зорчигчдыг буулгах үед вагоны хаалга нээгдэх, хаагдах үйлдэл хийж байгаа зэрэг бүхий л үйлдлийг энэ төвөөс хянах боломжтой. GTX метроны шугамын аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд газрын гадаргаас доош 50 м хүртэл гүнд нэвтэрч очих боломжтой 8 м өргөн, 5 м өндөр, 550 м урт үргэлжлэх том хонгилыг нэмж байгуулсан байна. Метроны шугамд гал гарах, осол болсон үед гал командын машин болон бусад тусгай тээврийн хэрэгсэл энэ хонгилоор нэвтэрч метроны шугамд шуурхай хүрч тусламж үзүүлдэг байна. GTX метроны шугамд ийм хэмжээний хонгил 2-ийг байгуулж, 4 жилийн өмнө бүрэн ашиглалтад оруулсан байна.
GTX метроны хөдлөх бүрэлдэхүүний засвар, үйлчилгээний депо үндсэн 6 шугамтай, 150 м урттай галт тэрэгний цувааг бүрэн багтаах боломжтой байхаар баригдсан байна. Депогийн хажууд зүтгүүр болон вагоны сэлбэг хэрэгслийн агуулах, ажилчдын дотуур байр, оффисын барилгыг төлөвлөж цогц байдлаар төлөвлөсөн. Депогийн захын шугамд галт тэрэгний гадна болон дотор талыг угааж цэвэрлэх, галт тэрэгний зэхэлт хийх тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. GTX метроны хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах үүднээс галт тэрэгний үзлэг, үйлчилгээг өдөр бүр тогтмол хийж байна.
GTX метроны зүтгүүрийн бүхээгт орж галт тэрэгний оператор жолоодлого хэрхэн хийж байгаа талаар үзэж танилцлаа. Орчин үеийн метроны шугамд цахилгаан хөдөлгүүрийн удирдлагын бариул болон тоормосны системийг нэг бариул дээр нэгтгэж хийсэн байна. Галт тэрэг урагш хөдлөхөд хөдөлгүүрийн удирдлагын бариул 4 шатлалтай, тоормос хийхэд 7 шатлалтай. Бариулын дээд хэсэгт операторын сэрэмж шалгах товч байрлах бөгөөд 5 секунд тутам дарж оператор хэвийн ажиллаж байгааг мэдээлнэ. Оператор галт тэрэг хөдлөхөөс эхлээд жолоодож байх хугацааны туршид замын гэрэл дохио болон бусад онцгой үзүүлэлтийг гар дохио ашиглан зааж, чангаар хэлж ажиллаж байгаа нь операторын үүрэг хариуцлага байнга өндөр байдаг болохыг илтгэж байлаа. Тус дадлагын ажил төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу GTX компаны бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, онцлог давуу талуудтай танилцаж үр дүнтэй, сонирхолтой болж өнгөрлөө.
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2025" улсын олимпиадыг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
ШУТНС "Дэлхийн номын өдөр"-ийг 16 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ
“ЭРДЭНЭСИЙН АНГУУЧЛАЛ СЭЖҮҮРТ МӨРДЛӨГИЙН УРАЛДААН - АНГЛИ ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ АЯН” зохион байгуулагдлаа.
“JOB FAIR-2025” Ажлын байрны нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа