“ТӨГСӨГЧДИЙН ЯАРМАГ -2012” өдөрлөг болов

Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “ТӨГСӨГЧДИЙН ЯАРМАГ -2012” өдөрлөг 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрлөө. Тус өдөрлөгийн зорилго нь ШУТИС-ийн төгсөгчдийг ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгж, компаниудтай холбох, тэдэнд ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ ажил олгогчийн зүгээс төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, өөрийн байгууллагад шаардлагатай байгаа мэргэжилтнийг сонгон шалгаруулан гэрээ хийх боломжоор хангахад чиглэгдэж байлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн морин хуурын “Этник” хамтлаг тоглолт хийж,  БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг,  ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн  өдөрлөгийн үйл ажиллагааг нээж үг хэллээ. МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, АОЭХ-ны гүйцэтгэх захирлын орлогч, Бодлогын ерөнхий зохицуулалтын газрын дарга Ц.Эрдэнэбаатар нар оролцлоо.

 

Өдөрлөгт Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэжих төвтэй хамтарч ажилладаг “Оюу толгой” ХК, “Мобиком” корпораци, “Энержи ресурс” ХХК, “Говь ХК”, “Голомт” банк, “Монголиа Талент Нэтворк” ХХК, “Эвридэй интернейшнл ХХК” зэрэг байгууллагууд оролцож хүний нөөцийн албаны ажилтнууд нь байгууллагынхаа танилцуулга болон нээлттэй ажлын байрны талаар илтгэл тавьсан юм.  Мөн дээрх байгууллагуудаас гадна “Юнител” групп, “Скайтел” ХХК, “Макс” групп, “Материал Импэкс” ХК, “Алтан жолоо групп”, “АПУ” ХК, “Дашваанжил” ХХК, “Өгөөж чихэр боов” ХК, ДЦС-3, “МCS интэрнейшнл” гэх мэт 41 байгууллага оролцож 648 нээлттэй ажлын байранд ШУТИС-ийн 1171 оюутан  ажиллах хүсэлтээ өглөө.

 

Онцолж хэлэхэд “Голомт банк” Монгол Улсын хэмжээнд 140 нээлттэй ажлын байрны саналтай иржээ.  ШУТИС-ийн 13 бүрэлдэхүүн сургуулийн дэд захирлууд болон сургалтын албаны ажилтнууд 1500 төгсөх оюутны дэлгэрэнгүй анкетыг оролцсон байгууллагуудад танилцууллаа.


ЗХШҮГ