ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа


Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, ШУТИС-ийн Соёл судлалын ангийн 2008 оны төгсөгч Бямбажавын Наранбат шалгарлаа. Шагналыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд батламжилж, гардуулсан бөгөөд түүний өвлөж хадгалж буй цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д 2009 онд бүртгэгдсэн үндэсний үнэт өв юм.

Б.Наранбатын өвлөн уламжилсан замнал

Б.Наранбат нь 1984 онд Ховд аймгийн Дуут сумын Асгат гэдэг газарт төрсөн бөгөөд Монгол Улсын нэрт цуурч, өвлөн уламжлагч Паарайн Наранцогтын (1921–2003) ач хүү, түүний ур чадварыг өвлөж авсан 8 дахь үеийн цуурч юм. Тэрээр 6 настайгаасаа өвөө болон ааваасаа цуур хөгжмийн урлагийг гэрийн уламжлалаар суралцаж, өнөөдөр 35 жилийн турш энэхүү өвийг хадгалан түгээн дэлгэрүүлж байна.

Б.Наранбат нь 2003–2008 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Соёл судлаач” мэргэжлээр суралцан төгссөн. Оюутан байх хугацаандаа буюу 2006 онд “Хүннү цуурчдын холбоо”-г үүсгэн байгуулж, өнөөг хүртэл уламжлалт хөгжмийн сургалт, судалгаа, түгээн дэлгэрүүлэлтийн олон ажлыг санаачлан хэрэгжүүлсээр байна.

Гавьяа, бүтээл

  • 2009 онд ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлын багт ажилласан
  • 2014–2016 онд “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн ажлын хэсэгт оролцсон
  • АНУ, Франц, БНХАУ, Тува зэрэг улсуудад аялан тоглолт хийсэн
  • 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, 200 гаруй хүнд уг урлагийг өвлүүлсэн
  • “Цуурын эгшиг” баримтат кино, “Уул усны цуурай” CD, “Шүүдрийн дусал” нэвтрүүлэг зэрэг соёлын бүтээлд оролцсон
  • “Melodies de flute d’un berger Mongol” ном, “Монгол цуур 1” судалгааны бүтээл, гарын авлага бүтээсэн

Шагнал, үнэлгээ:

  • 2009: “Ардын урлагийн их наадам”-ын “Алтан од” алтан медаль
  • 2010: “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2015: Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2010, 2019 онуудад Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн улсын болон үндэсний жагсаалтад бүртгэгдсэн

2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар нийт 32 нэр дэвшигч өрсөлдсөнөөс “Цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг амьд хэлбэрээр өвлөж, түүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж буй Б.Наранбат “Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл”-ийн шийдвэрээр шалгарсан байна.

Төгсөгч Б.Наранбатын амжилтаар бахархаж, цаашдын соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх, залуу үед түгээх үйл хэрэгт нь амжилт хүсэж байна.