МУ-ын Засгийн газрын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд

    Суралцагчид Засгийн газрын тэтгэлэг олгох харилцааг  Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар зохицуулна.

ШУТИС-д тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагч нь Засгийн газрын (сургалтын төлбөрийн) тэтгэлэгт хамрагдана.

Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг авах суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монгол улсын иргэн байх;
  2. Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн  чиглэлийн үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх (Засгийн газрын тэтгэлгийг тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагчид зөвхөн олгоно);
  3. Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  4. магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллага (ШУТИС энэ шаардлагыг хангасан)-д суралцдаг байх;
  5. Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;
  6. Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
  7. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “өрийн мэдээллийн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх (сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчид хамаарах заалт)

Тусгай шаардлага:

  • Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч байх;
  • Дэд бакалавр хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэлтийн шаардлага хангасан, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэх мэргэжлийн хичээлийн шалгалтад 600, түүнээс дээш оноо авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх;
  • Магистрын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-аас доошгүй, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх;
  • Докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын бүтээл нийтлүүлсэн, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.2-оос доошгүй байх.

Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын  албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө.

Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/301 дүгээр тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох гэрээ”  байгуулна.

 

Бүрдүүлэх баримт бичиг

I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:

  1. хүсэлт (батлагдсан маягтын дагуу, өргөдөл хэсэгт оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг нэмж бичнэ );
  2. иргэний үнэмлэх, эсхүл лавлагаа (суралцагч, эцэг эх, асран хамгаалагч);
  3. дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэгч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бол  дипломын хуулбар;
  4. үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн хуудас;
  5. магистрант, докторант бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар;
  6. магистрант, докторант бол мэргэжлээрээ ажилласан жилийг тодорхойлох баримт;
  7. докторант бол судалгаа шинжилгээний ажлын бүтээлийн жагсаалт.

II. Хичээл сонголт-2 хийсний дараа:      

  1. тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан тодорхойлолт;
  2. сургалтын төлбөрийн нэхэмжлэл.