Багш, ажилтны хүүхдэд БЗС-аас үзүүлэх сургалтын төлбөрийн дэмжлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны  төрийн өмчийн сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлээр дэд бакалавр, бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрт суралцаж буй хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолын хавсралт “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-аар зохицуулна.

Дэмжлэгт хамрагдах суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын  албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө. Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/301 дүгээр тушаалын 12 дугаар хавсралтаар батлагдсан “Багш, багш мэргэжлээр  суралцагч, багш, ажилтны хүүхдэд дэмжлэг үзүүлэх гэрээ”  байгуулна.

Суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Монгол улсын иргэн байх;
  • холбогдох журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  • магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх.

Тусгай шаардлага:

  • Суралцагчийн эцэг, эхийн аль нэг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй багш, ажилтнаар ажилласан байх;
  • Төрийн өмчийн сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлээр дэд бакалавр, бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийг сонгосон байх.

Бүрдүүлэх баримт бичиг

            I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:

  1. Батлагдсан загварын дагуу хүсэлт (суралцагч бичиж, зургаа наана, гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг нэмж бичнэ);
  2. Өргөдөл (15-аас доошгүй жил ажилласан эцэг/эх,  мөн суралцагч;
  3. Суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл төрсний бүртгэлийн лавлагаа (И Монгол системээс) ;
  4. Эцэг эх, суралцагчийн оршин суугаа хаягтай иргэний үнэмлэхийн лавлагаа (И Монгол системээс);
  5. Бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийн элсэн суралцагч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар;
  6. Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн тодорхойлолт  (багш, ажилтны хүүхэд бүх хичээлд амжилттай дүгнэгдсэн байх буюу W, E үнэлгээ аваагүй байх);
  7. Ажлын газрын тодорхойлолт (15-аас доошгүй жил ажилласан эцэг, эхийн);
  8. 15 болон түүнээс дээш жил ажилласныг тодорхойлох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг нийгмийн даатгалын газраас, эсхүл И Монгол системээс.

II. Хичээл сонголт-2 хийсний дараа:      

  1. Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт;
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэл.