Монгол–Солонгосын оюутнуудын хамтарсан “Стартап шинэ санаа” олон улсын тэмцээн боллоо

ШУТИС-ийн Менежментийн сургууль, БНСУ-ын UNITEF (University Industry Technology Force) байгууллагатай хамтран 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Start-up” олон улсын оюутны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь хоёр улсын оюутнуудын шинэлэг бизнес санааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилготой байв.

 

 

Тэмцээний хүрээнд оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, инновацын чадварыг хөгжүүлэх, шинэ санааг бодит бизнес болгон хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх, Монгол–Солонгосын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байлаа.

 

Тэмцээнд эхний шатанд шалгарсан Монголын 3, Солонгосын 4 баг оролцож бүтээлч санаагаа өрсөлдүүлэв. Мөн бизнес, инновацын салбарын туршлагатай 5 шүүгч тэмцээнийг дүгнэсэн бөгөөд тэдний дунд Startup Mongolia, Inno Hub, Socratus Studio зэрэг байгууллагын төлөөлөл болон UNITEF-ийн удирдлага багтсан юм.

Тус тэмцээнийг нээлтийн үйл ажиллагаагаар эхлүүлж, зохион байгуулагч болон зочид төлөөлөгчид үг хэллээ. Оролцогч багууд 7 минутын танилцуулга, 3 минутын асуулт-хариултын хэлбэрээр шинэлэг санаагаа танилцуулсан.

 

 

 

 

Шүүгч, менторуудын зүгээс оюутнуудад бизнес санаагаа хөгжүүлэх талаар бодит зөвлөгөө өгч, хамтарч ажиллах санал тавьж байлаа. Тус тэмцээний нэгдсэн дүнгээр монголын “Scabiossa” баг, солонгосынSeedwave” баг тус тус тэргүүн байр эзэллээ. Оролцогч оюутнуудын хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, шинэ бизнесийн санаа боловсруулагдан, эхний туршилтын загварууд (прототип) гарсан. Мөн Монгол–Солонгосын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, инновацын шинэ гарц нээх бодит боломжийг бүрдүүлсэн онцгой арга хэмжээ боллоо.