Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц”

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2025 оны 11-р сарын 7-ны өдөр 2-311 тоот танхимд “Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ?” сэдвээр “Зочин профессорын лекц”-ээ амжилттай зохион байгууллаа. Уг лекцийн зорилго нь хятад хэл суралцаж буй оюутан залууст олон улсын хятад хэлний түвшин тогтоох HSK болон ярианы HSKK шалгалтын бүтэц, шаардлага, хэлний мэдлэгээ дээшлүүлж үр дүнтэй бэлтгэх арга барилыг таниулах, суралцахад нь урам зориг өгөхөд чиглэсэн болно. ГХС-ийн мэргэжилтэн багш, Шандун их сургуулийн профессор Ван Янли (Wang Yanli) зочин илтгэгчээр уригдан оролцож, HSK ба HSKK шалгалтын талаар бодит хийгээд шинэлэг мэдээлэл өгч, суралцагчдад арга зүйн зөвлөгөө өгч туршлагаа хуваалцсан юм.

 

Арга хэмжээг клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа нээж, лекцийн зорилго болон хэлэлцэх сэдвийг танилцуулснаар лекцээ эхлүүллээ. Зөвлөх багш маань зочин профессорын  орчуулга хийнгээ зөвлөгөө өглөө.

 

Профессор Ван Янли илтгэлдээ HSK ба HSKK шалгалтын түвшин тус бүрийн онцлог, шалгалтын бүтэц, нийтлэг гаргадаг алдаа болон шалгалтад үр дүнтэй бэлдэх арга барилуудыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Тэрээр оюутнуудад зөвхөн үг цээжлэх бус, хэл яриа, сонсгол, бичгийн чадвараа зэрэг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолж, “Хятад хэлийг сурахад хамгийн гол нь тогтмол хичээл зүтгэл, зөв төлөвлөгөө, өөртөө итгэх итгэл юм” хэмээн зөвлөсөн юм. Лекцийн үеэр оюутнууд идэвхтэй асуулт асууж, шалгалтын бэлтгэл, дасан зохицох арга барил, цагийн зохион байгуулалтын талаар санал бодлоо хуваалцав. Зочин багш оюутнуудын асуултад дэлгэрэнгүй, ойлгомжтой хариулт өгч, бодит туршлага дээр үндэслэн чиглэл өгсөн нь лекцийг илүү үр дүнтэй болгосон юм.

 

Түүнчлэн лекцийн төгсгөллд мэргэжилтэн Ян, Лю, Чю багш нарын бэлтгэсэн сонирхолтой асуултад идэвх санаачилгатай бусдыгаа манлайлсан оюутнуудад өөрийн зүгээс бэлэг гардуулж оюутан залууст илүү хичээж суралцах урам өглөө. Тус лекцэд ГХС-ийн 1+1+2 хөтөлбөрийн ТТО-хятад хэлний ангийнхан, ХШУС, ГУУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутнууд, клубийн идэвхтэй гишүүн нийт 70 гаруй оюутан оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутан төгсөгч, профессор багш нар, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

САЙНЫГ НЬ ШИЛЭН СУРНАМ

СААРЫГ НЬ СОНЖИН ЗАСНАМ  /КҮНЗ/

ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2025.11.07