“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 33 дугаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, ажилтан нар “Оюу толгой” ХХК-ийн санаачилсан “Усны дусал бүрийг гүнээсээ хайрлая”-аянтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 33 дугаар эрдэм шинжилгээний хурлыг ГУУС-ийн 65 жилийн ойд зориулан 2025 оны 11-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Хуралд Монгол орны геологи геологи орчны төлөв байдал, гидрогеологи, инженер геологи, геотехникийн нөхцөл, булаг, рашааны гидрогеологи, усны найрлага, чанар, уурхайн гидрогеологи, инженер геологи, геотехник зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судалсан, шинэ санаа, оновчтой арга, аргачлал дэвшүүлсэн нийт 17 өгүүлэл, 6 мэдээллийг ISSN: 3078-8897 дугаартай “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвтэй 33 дугаар эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж, үүнээс 8 аман илтгэл, 11 ханан илтгэлийг хэлэлцүүллээ.

Хурлын үеэр МУ-ын Ардын багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн ахмад багш, профессор Н.Батсүх багшдаа тэнхимийн хамт олон төгсөгчдийн өмнөөс хүндэтгэл үзүүлэв.

  

Тус эрдэм шинжилгээний хуралд БОУАӨЯам, Усны газар, Үндэсний геологийн алба, ШУТИС, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо” ТББ, “Монголын барилгын инженер геологийн холбоо” ТББ, “Оюу толгой” ХХК, “Бадрах энержи” ХХК, “Лэнд тест” ХХК, “Экотех проект” ХХК, “Нэмэр интернэшнл” ХХК, “Вотер менежмент” ХХК, “Дунар-Од” ХХК, “Орхон гидрогео” ХХК, “Барнаб” ХХК, “Ганхошуу” ХХК, “Геомастер” ХХК, “Экогидрогео эрдэст ус” ХХК, “Water Recovery” LLC, “Эко-Ус хөгжил” ХХК зэрэг 20 гаруй байгууллагын 60 гаруй төлөөлөл, үе үеийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн төгсөгч, сурч байгаа бакалавр, магистрант, докторант оюутнууд оролцлоо.  

Хурлын үеэр “Монголын барилгын инженер геологийн холбоо” ТББ, “Лэнд тест” ХХК, “Экотех проект” ХХК зэрэг байгууллагуудын нэрэмжит тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа боллоо. Тус тэтгэлэгт Инженер геологи, геотехник мэргэжлийн 1-р дамжааны Ц.Отгонжаргал, М.Мөнгөнсолонго, Б.Гантулга, Б.Байгалмаа, Ч.Цэрэнтогтох, Ш.Ган-эрдэнэ нар шалгарсан байна. Үндэсний боловсон хүчин бэлтгэх их үйлсэд оюуны хөрөнгө оруулалт хийн байгууллагынхаа нэрэмжит тэтгэлгийг жил бүр уламжлал болгон явуулж байгаа хамт олон гүнээ талархал илэрхийлье ээ.

 

 

Гидрогеологи, инженер геологийн тэнхим нь “Оюу толгой” ХХК-иас санаачилсан “Усны дусал бүрийг гүнээсээ хайрлая” мэдээллийн аяныг зохион байгуулахад хамтран ажиллаад дөрөв дэх жилийн нүүрийг үзээд байна. Уг аян газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах, газрын доорх усны салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ аяны хүрээнд ШУТИС-ийн ГУУС-ийн Гидрогеологи мэргэжлээр суралцагч оюутнуудад дотоодын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсанаас хойш тодорхой үр дүнгүүд өгөөд байна. “Усны дусал бүрийг гүнээсээ хайрлая аян” нь зөвхөн усны салбарын мэдээллийг олон нийтэд хүргэхээс гадна, усны салбарт тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг үзүүлэн ажиллахыг эрмэлзсэн юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн “Усны дусал бүрийг гүнээсээ хайрлая” аяныг санаачлагч “Оюу толгой” ХХК-ийн хамт олонд гүнээ талархал илэрхийлж байна.

ШУТИС, ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхим

2025 он