ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ ШУТИС-ийн ГХС-ийн 1+1+2, ГУУС, ЭХИС, ХШУС-ийн 2+2 +хөтөлбөрийн ангийн оюутнууд, хятад хэл шамдан суралцагчад зориулан “Шинэ технологи ба шинэ үе” сэдвээр амжилттай зохион байгууллаа.

Ээлжит төгсөгчдийн цуврал лекцээр техник технологийн шинэ дэвшилт, шинэ хэрэгслүүдийг ашиглан хэрхэн үр дүнтэй суралцах, технологийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлага өрнүүлэхээр ЭХИС-ийн СЭХ-ний төгсөгч, Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК хэлтсийн инженер Н.Улсболд, БНХАУ-ын ХХЭХИС-ийн магистр, СЭХ 2+2 төгсөгч Э.Амгаланбазар нарыг урилаа.

Клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа тус лекцээр ярилцах сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж лекцийг эхлүүлэв. Илтгэгчид маань орчин үед хиймэл оюун ухааны давуу ба сул тал нь бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар яриагаа эхлүүлэв. Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр цаг, мөнгө хэмнэх олон давуу тал гарч байгаа хэдий ч технологид хэт найдсанаар хүн өөртөө итгэх итгэлээ алдах, чаддаг зүйлээ чадахгүй болох, шинээр эрж хайх сэдэл буурах гэх мэт олон сөрөг үр дагавартай гэдгийг бидэнд бодит жишээн дээр тайлбарлаж харилцан ярилцлаа.

Хэдийгээр хиймэл оюун ухаан асар хурдтай хөгжиж байгаа ч гэсэн уламжлалт сурах арга барилыг орхигдуулж болохгүйг, багшийг хиймэл оюун орлож чадахгүйг бидэнд ойлгуулж өглөө. Түүнчлэн цаашид хиймэл оюун ухааныг ажил хичээлдээ хэрхэн зөв ашиглах талаар, хиймэл оюуныг ажиллуулж буй чип гэж юу болох талаар ярилцлаа. Төгсөгч Амгаланбазар суралцаж байх хугацаандаа хэрхэн тэтгэлэг авсан, хятадад сурч байх үеийн оюутны хотхоны амьдрал хэрхэн өрнөдөг талаар өөрийн бодит туршлагаас хуваалцаж бидэнд урам зориг өглөө. Мөн тэр хэмжээгээрээ суралцагчаас “сурах” бэлтгэл, хариуцлага, зорилгоо ухамсарласан бүтээлч байх хувийн зохион байгуулалт, чадвар, сахилга бат ихээхэн шаарддаг талаар лекцээ өрнүүллээ.
Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний 3, 4-р анги, Эрчим хүчний сургуулийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хөтөлбөрийн 1-4-р ангийн оюутнууд болон клубийн идэвхтэн гишүүд оролцлоо. Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутны үйлчилгээний алба, КНЗ, профессор багш нар, оюутан залуус, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
“БАГШ ДОР МӨРГӨМҮЙ НОМ ДОР МӨРГӨМҮЙ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ
2026.04.13
Мэргэжилтэн багш нарын лекц боллоо
Хятад хэлний клубийн ээлжит “Төгсөгчдийн цуврал лекц”
Нөхөн үржихүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд цуврал сургалт зохион байгууллаа
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа