ШУТИС-ийн баг тамирчид “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, ажилтан, оюутан, төгсөгчдөөс бүрдсэн 250 гаруй баг тамирчин амжилттай оролцлоо. ШУТИС нь эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус марафонд хоёр дахь жилдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцсон нь байгууллагын соёл, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал арга хэмжээний нэг боллоо.

 

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор доктор, профессор Т.Намнан оролцож, нийт баг тамирчдадаа амжилт хүсэж, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож буй хамт олондоо талархал илэрхийллээ.

  

Энэ жилийн марафонд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 10 сургууль, харьяа нэгжүүд, удирдлагын багийн төлөөлөл өргөнөөр оролцсон бөгөөд багш, ажилтан, оюутан, төгсөгчид нэгэн зорилгын дор нэгдэж, байгууллагын эв нэгдэл, хамтын уур амьсгалыг илэрхийллээ. Тус тэмцээнд эрүүл мэндийн 5 км-ийн төрөлд хамгийн олон оролцогч бүртгүүлсэн байгууллагуудын нэгээр ШУТИС нэрлэгдсэн нь хамт олны идэвх, оролцоог харуулсан онцлог үйл явдал болов. Мөн ШУТИС-иас эрүүл мэндийн 5 км-ийн төрөлд оролцсон тамирчид дотроос эхний 30 байрыг шалгаруулан дурсгалын медаль гардуулсан юм.

 

Тэмцээний өдөр ШУТИС-ийн баг тамирчид төв байрны арын задгай талбайд нэгдсэн байдлаар цуглаж, Биеийн тамир, спортын тэнхимийн багш нарын удирдлага дор бие халаалт хийж, мэргэжлийн зөвлөгөө авч, зохион байгуулалттайгаар гарааны бүс рүү хөдөлсөн юм. Энэхүү нэгдсэн зохион байгуулалт нь оролцогчдын урам зоригийг нэмэгдүүлж, хамт олны уялдаа холбоо, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

  

Марафоны үеэр ШУТИС-ийн баг тамирчид идэвх санаачилга, сахилга зохион байгуулалт, эв нэгдлээрээ онцгойрон оролцож, спортоор дамжуулан эрүүл мэндээ дэмжих, эерэг хандлага түгээх, хамтын үнэ цэнийг бий болгов. Мөн энэхүү арга хэмжээ нь багш, ажилтан, оюутнуудын харилцаа холбоог бэхжүүлж, “Бид нэг ШУТИС” уур амьсгалыг бүрдүүлсэн арга хэмжээний нэг боллоо.

 

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд идэвхтэй оролцсон нийт баг тамирчдадаа талархал илэрхийлж, эрүүл энх, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бид нэг ШУТИС

Гэрэл зураг татаж авах