Япон улсын их, дээд сургуулиудын судлаач, профессоруудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлага 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Инженер, технологийн дээд боловсрол” (ИТДБ) төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд тус их сургууль дээр ажиллаж буй Япон Улсын их, дээд сургуулиудын 12 зочин профессор, судлаачийг хүлээн авч уулзав.

Уулзалтад хамтарсан судалгааны 5 багийн хүрээнд хэрэгжүүлж буй 7 судалгааны чиглэлийн Япон талын хамтрагч байгууллагууд болох Японы спорт, шинжлэх ухааны институт, Шиншүгийн их сургууль, Хоккайдогийн их сургууль, Цукубагийн их сургууль, Токушимагийн их сургууль, Нихоны их сургууль, Кочигийн их сургууль, Нийгатагийн их сургууль, Үцүномиягийн их сургуулийн профессор, судлаачид оролцож,  хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны үр дүн, хамтарсан судалгаа, инновацын үйл ажиллагааны ололт амжилт, цаашдын хөгжлийн чиглэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “ИТДБ” төслийг ШУТИС нь Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-тай хамтран 2014–2026 онд амжилттай хэрэгжүүлж байна. Тус төсөл нь инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгаа, инновацын орчныг хөгжүүлэх, их сургууль–аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилготой юм.

  

Монгол, Япон хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй бөгөөд 1970-аад оноос НҮБ болон Япон Улсын дэмжлэгтэйгээр инженерийн боловсрол, технологийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр өнөөгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааны суурь тавигдсан билээ.

  

“ИТДБ” төслийн хүрээнд ШУТИС нь Япон Улсын 40 орчим тэргүүлэх их сургуультай хамтран ажиллаж, 10 хамтарсан судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Үүний зэрэгцээ багш, судлаачдыг зэргийн болон зэргийн бус сургалтад тогтмол хамруулан чадавхжуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж байна. Өнөөдрийн байдлаар зэргийн хөтөлбөрт 88 залуу судлаач хамрагдсанаас 80 нь амжилттай төгссөн бол зэргийн бус сургалтад 342 багш, судлаач хамрагджээ. Түүнчлэн Японы их, дээд сургуулийн нийт 233 зочин профессор, судлаач харилцан ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаад байна.

  

Төслийн хүрээнд сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 2019 оноос хойш нийт 12 сая ам.долларын өртөг бүхий орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ШУТИС-д нийлүүлж, сургалтын 20, судалгааны 22 лабораторийг байгуулан ашиглалтад оруулжээ.

Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн ч бодитой ахицтай байна. Төслийн хүрээнд ажиллаж буй багш, судлаачид олон улсын хэмжээнд нийт 450 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс 255 нь Web of Science болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй, импакт фактор бүхий сэтгүүлд нийтлэгдсэн.

Мөн 2018–2024 оны хугацаанд хамтын ажиллагааны бизнес семинар, уулзалтыг дөрвөн удаа зохион байгуулснаар их сургууль–аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын экосистемийг хөгжүүлэх бодит боломжуудыг бүрдүүлсэн.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн ректор Т.Намнан хамтарсан судалгааны төслүүдийн үр дүн нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаачдыг бэлтгэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, инновацтай нягт уялдуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг дурдлаа. Мөн хамтарсан судалгаа, шинжлэх ухааны хөгжлийг дэмжин ажиллаж буй зочин профессор, судлаачдад талархлын батламж гардуулав.

  

Уулзалтын төгсгөлд зочин профессор, судлаачид Монголын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү төсөл нь хоёр улсын судлаачдын мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ хамтарсан судалгааны шинэ боломжуудыг нээж өгч байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, шинэ чиглэлүүдээр өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хамтарсан судалгааны багуудын эрдэмтэн, багш, судлаачид, Боловсролын яамны Төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг болон хамтран ажилласан нийт баг, хамт олонд талархал илэрхийлье.