Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 160 орчим оюутан 2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, цэргийн 15 төрлийн бага мэргэжил эзэмшин, цэргийн бэлтгэл, сургалт дадлагаа амжилттай үргэлжлүүлж байна. ШУТИС-ийн ректор доктор, профессор Т.Намнан, МИТС-ийн захирал доктор, дэд профессор Н.Пүрэвдорж нар ҮБХИС-ийн “Шархад” дахь хээрийн сургалтын төвд зохион байгуулагдаж буй “Оюутан цэрэг-2026” цэргийн мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаатай танилцаж, оюутан цэргүүдтэй уулзан, тэдний сургалт, бэлтгэл, амьдрах орчинтой танилцлаа.


Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, хурандаа Х.Хишигсүрэн, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал Т.Буянбат болон МУИС, АШУҮИС, МУБИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС-ийн удирдлагууд оролцов.
“Оюутан цэрэг-2026” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд цэргийн ерөнхий бэлтгэлээс гадна байлдааны буудлага, зенит, артиллерийн бэлтгэл, дрон, химийн болон инженерийн бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл, амьд гарах арга ухаан зэрэг цэргийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хичээл, дадлагаар эзэмшиж байна. Мөн оюутан цэргүүдийн сахилга бат, бие бялдар, багаар ажиллах чадвар, манлайллыг хөгжүүлэхэд чиглэсэн гардан тулаан, жагсаалын бэлтгэл, урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.


Энэ үеэр ШУТИС-ийн удирдлагууд сургалтын хичээлийн цэгүүдээр орж, оюутнуудын сургалт, дадлагын явцтай танилцан, тэдний цэргийн амьдрал, сургалтын орчин, өдөр тутмын зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, оюутнуудтай санал сэтгэгдлээ солилцлоо.
Сургалтын хугацаанд хичээл зүтгэл, ур чадвараараа бусдыгаа манлайлсан ШУТИС-ийн оюутнууд “Онц сурлагатан”, “Онц буудагч”, “Онц тамирчин” зэрэг нэр хүндтэй медалиар шагнагдаж, цэргийн сургалтын амжилтаараа тэргүүлсэн оюутнууд дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч цол хүртжээ. Эдгээр шагнал, цол нь зөвхөн сургалтын амжилтыг төдийгүй оюутнуудын сахилга бат, хариуцлага, манлайлал, цэргийн ур чадвар, хамт олноо манлайлах чадварыг үнэлсэн бодит илэрхийлэл юм.

ШУТИС-ийн хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөр нь инженер, технологийн чиглэлээр суралцаж буй залуусыг мэргэжлийн мэдлэгийн зэрэгцээ эх оронч үзэл, сахилга бат, хариуцлага, манлайлал, багаар ажиллах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой сургалт юм.

Эх орондоо үнэнчээр зүтгэхээ илэрхийлэн цэргийн тангараг өргөсөн ШУТИС-ийн нийт оюутан цэргүүддээ халуун баяр хүргэж, цэргийн сургалт, алба, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх оронч сэтгэлгээ, инженерийн мэдлэгийг хослуулсан ШУТИС-ийн “Оюутан цэргүүд”
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа