“Хиймэл оюуны эрин үеийн солонгос хэлний боловсрол ба соёлын солилцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын Солонгос хэлний боловсролын холбоо нь Солонгосын Олон улсын соёлын солилцооны нийгэмлэг, Японы Солонгосын соёл судлалын нийгэмлэг, Инха их сургуулийн дэргэдэх Олон соёлын цогц судалгааны хүрээлэнтэй хамтран 2026 оны 8 сарын 19-20-ны өдрүүдэд “Хиймэл оюуны эрин үеийн солонгос хэлний боловсрол ба соёлын солилцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

ЭШХ-д ШУТИС-ийн Ректор Т.Намнан, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чой Жин Вон нар оролцож, амжилт хүсч үг хэллээ. ШУТИС-ийн Ректор Т.Намнан “Хиймэл оюун ухаан, дижитал технологийн хурдацтай хөгжил нь өнөөдөр зөвхөн технологийн салбарыг төдийгүй боловсролын зорилго, агуулга, арга зүйг үндсээр нь өөрчилж байна. Мэдлэгийг хэрхэн бүтээх, түгээх, суралцах, үнэлэх талаарх бидний уламжлалт ойлголт шинэчлэгдэж, их сургууль, багш, судлаачдын үүрэг оролцоо ч мөн адил өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Ялангуяа гадаад хэлний боловсролын салбарт хиймэл оюун ухааны боломжийг сургалт, судалгаа, үнэлгээ, сургалтын контенттой хэрхэн үр дүнтэй уялдуулах вэ гэдэг нь бидний өмнө тулгарч буй чухал асуудлын нэг болж байна. Технологийн боломжийг зөв ашиглахын зэрэгцээ хүний харилцаа, соёлын ойлголцол, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг боловсролын үндсэн үнэт зүйлсийг хадгалан хөгжүүлэх нь нэн чухал юм” хэмээн онцлоод “Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, инновац, дэвшилтэт технологид суурилсан боловсролын хөгжлийг үйл ажиллагааныхаа чухал чиглэл болгон ажилладаг. Иймээс хиймэл оюуны эрин үеийн боловсрол, хэл, соёлын асуудлыг олон улсын эрдэмтэн, судлаачид хамтран хэлэлцэж буй энэхүү хурал манай их сургуульд зохион байгуулагдаж байгаа нь бидний хувьд онцгой ач холбогдолтой юм” хэмээн үнэллээ.

Хуралд Монгол, Солонгос, Япон, Вьетнам, Хятадын эрдэмтэн судлаачид, профессор багш, магистрант докторант оюутнууд оролцож, нийт 54 илтгэл хэлэлцүүлэгдэв. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, шинэлэг санаа, бодит туршлага нь оролцогчдын цаашдын судалгаа, сургалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй улс орон, их сургууль, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг бий болгосон үр дүнтэй хурал боллоо. ОУ-ын ЭШХ зохион байгуулахад дэмжин ажилласан ШУТИС-ийн удирдлага, идэвхтэй хамтран ажилласан ГХС-ийн АСТ-ийн Солонгос хэлний багш нартаа баярлалаа.

 

Мэдээ бэлдсэн: ГХС-ийн АСТ-ийн профессор Н.Мэнд