Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд БНХАУ-ын Шаньдун мужийн Линьи их сургуулийн (Linyi University) төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр айлчиллаа.
Уулзалтад ШУТИС-ийг төлөөлөн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн М.Болортуяа нар оролцов.
Линьи их сургуулийн төлөөлөгчдийг тус сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Шү Шуанчин тэргүүлж, Олон улсын солилцоо, хамтын ажиллагаа, мэдээлэл, цахилгаан инженерчлэл, гадаад хэл, олон улсын боловсролын чиглэл хариуцсан удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Линьи их сургууль нь БНХАУ-ын Шаньдун мужийн Линьи хотод байрладаг, 1941 онд үүсгэн байгуулагдсан төрийн өмчийн цогц их сургууль юм. Инженер, байгалийн ухаан, мэдээллийн технологи, эдийн засаг, менежмент, хүмүүнлэг зэрэг олон чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг бөгөөд хэрэглээнд суурилсан боловсрол, судалгаа-инновацын уялдааг хөгжүүлэхэд анхаардаг их сургуулиудын нэг юм. 25 сургууль болон хоёр салбар кампустай, 92 бакалаврын хөтөлбөртэй бөгөөд 52 мянга орчим өдрийн ангийн оюутан суралцаж байна. Мөн 1300 гаруй докторын зэрэгтэй багштай, магистрын түвшний сургалт, судалгааг өргөн хүрээнд явуулдаг.
Уулзалтын үеэр хоёр их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааны талаар харилцан танилцуулж, цаашид хамтын ажиллагааг олон чиглэлээр бодитой хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Талууд хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаач, ажилтны солилцоог хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, мөн оюутнуудыг зун, өвлийн богино хугацааны сургалт, дадлага, танилцах хөтөлбөрт харилцан хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Түүнчлэн хоёр сургуулийн ижил төстэй болон харилцан нөхөх боломжтой мэргэжлийн чиглэлүүдийг тодорхойлж, холбогдох бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийн хооронд шууд хамтын ажиллагаа хөгжүүлэх, багш судлаачдын хамтарсан судалгаа, семинар, сургалт зохион байгуулах боломжийг судлан, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ШУТИС-ийн шинэ багш, ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулагдлаа
ШУТИС, БНХАУ-ын Линьи их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлнэ
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг шинээр олгох, сунгах сургалтыг амжилттай зохион байгууллаа
ШУТИС-ийн оюутнуудад Япон Улсад тэтгэлгээр суралцаж, ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
Инчеон хотын Мичухол-Гу дүүргийн Зөвлөлийн Төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа