НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Цэнхэр бүсэд ЮНЕСКО болон UNDP-ийн павильонд “Хотын усны тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх байгальд түшиглэсэн шийдэл: уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үерийн эрсдэлийг бууруулах голын голдиролын нөхөн сэргээлт” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг 2026 оны 8 сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхим болон ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ус судлалын хөтөлбөр (UNESCO-IHP) хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, олон улсын байгууллага, их сургууль, судалгааны байгууллага болон мэргэжлийн салбарын төлөөллүүд оролцов.

Арга хэмжээний зорилго нь хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, үерийн татмын газар ашиглалтын өөрчлөлт болон хот доторх голын орчны доройтлоос шалтгаалан өсөн нэмэгдэж буй үерийн эрсдэлийг бууруулахад байгальд түшиглэсэн шийдлийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар олон улсын болон Улаанбаатар хотын туршлагыг хэлэлцэхэд чиглэв. Ялангуяа голын голдиролыг сэргээх, үерийн татмыг хамгаалах, усанд мэдрэмжтэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үр дүнг бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалттай уялдуулах асуудлыг онцлон авч үзсэн.

Арга хэмжээг ЮНЕСКО-гийн Усны шинжлэх ухааны хэлтсийн төлөөлөл Др. Сарантуяа Зандаръяа нээж үг хэлсэн бөгөөд ШУТИС-ийг төлөөлөн Инженерийн байгууламжийн тэнхмийн эрхлэгч Др. Н.Болдбаатар мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний зорилго, хэлэлцэх асуудал болон хөтөлбөрийг ШУТИС-ийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш Др. Дэд профессор Б.Аюурзана танилцуулж, хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллав.

Үндсэн илтгэлийг БНХАУ-ын Харбины Технологийн Их Сургуулийн профессор Wei Liangliang “Хотын усны тэсвэрлэх чадварт байгальд түшиглэсэн шийдлийг ашиглах дэлхийн чиг хандлага” сэдвээр тавив. Үүний дараа ШУТИС-ийн судлаач Э.Амаржаргал Улаанбаатар хотын нөхцөл, хотын голуудын үерийн эрсдэл, голын татмын газар ашиглалтын өөрчлөлт болон байгальд түшиглэсэн шийдлийг хэрэгжүүлэх боломж, тулгамдсан асуудлуудын талаар ШУТИС-д хэрэгжиж буй SQUAD төслийн хүрээнд судалж буй ШУТИС, Сөүлийн Үндэсний их сургуультай хамтарсан “Spatial functional zoning on Selbe river floodplain, Ulaanbaatar, Mongolia” төслийн үр дүнд үндэслэн техникийн илтгэл танилцуулав.

Үндсэн илтгэлүүдийн дараагаар олон улсын байгууллага, академик байгууллагуудын төлөөллүүд панель хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын үерийн эрсдэл нь зөвхөн гидрологийн асуудал биш бөгөөд газар ашиглалт, хот төлөвлөлт, голын голдирол, татмын хамгаалалт, инженерийн дэд бүтэц болон экосистемийн менежментийг нэгдмэл биш байдалтай холбоотой гэдэгт оролцогчид санал нэгдэв. Мөн намгархаг газар, үерийн татам, ногоон коридор, ус нэвчүүлэх гадаргуу, ус хуримтлуулах систем зэрэг байгальд түшиглэсэн арга хэмжээг уламжлалт усны барилга байгууламжтай хослуулах нь үерийн эрсдэлийг бууруулахаас гадна экологийн болон нийгмийн олон талын үр өгөөж бий болгох боломжтойг онцоллоо.

Түүнчлэн судалгаа, үерийн загварчлал, эрсдэлийн үнэлгээ болон туршилтын төслүүдийн үр дүнг зөвхөн эрдэм шинжилгээний түвшинд үлдээхгүйгээр хот төлөвлөлтийн стандарт, дүрэм журам, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл болон бодит хэрэгжихүйц төсөл болгон шилжүүлэх шаардлагатайг хэлэлцүүлгийн гол санааны нэг болгон дэвшүүлэв.

Арга хэмжээний төгсгөлд дараах үндсэн чиглэлүүдийг цаашид хамтран хөгжүүлэх шаардлагатай гэж үзэв. Үүнд хотын усны менежментэд газар ба усны нэгдсэн төлөвлөлтийг нэвтрүүлэх, байгальд түшиглэсэн шийдлийг инженерийн арга хэмжээтэй хослуулах, Улаанбаатар хотын голын коридор, үерийн татмыг хамгаалах, сэргээх, мөн их сургууль, төрийн байгууллага, олон улсын байгууллагын “шинжлэх ухаан–бодлого–хэрэгжилтийн урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх” асуудлууд багтав. Арга хэмжээний нэг чухал үр дүн нь хотын усны тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын чиглэлээр урт хугацааны академик болон институцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгыг дэвшүүлсэн явдал байв. Энэ хүрээнд ШУТИС нь ЮНЕСКО, бусад их сургууль, төрийн байгууллага болон холбогдох түншүүдтэй хамтран, ЮНЕСКО-гийн Дэлхийн UNITWIN/UNESCO Chairs сүлжээний тэргүүлэх чиглэл, боломжит сэдэвчилсэн орон зайтай уялдуулан “Хотын усны тогтвортой байдал ба тэсвэрлэх чадвар” чиглэлээр UNESCO Chair байгуулах боломжийг судалж, хамтын ажиллагааны дараагийн шатанд хөгжүүлэх санал гаргав.

Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотын усны болон үерийн асуудлыг олон улсын түвшинд танилцуулах, олон улсын туршлага солилцох, цаашдын хамтарсан судалгаа, туршилтын төсөл, техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх болон бодлогын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.

Зохион байгуулагч:

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхим

ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ус судлалын хөтөлбөр (UNESCO-IHP)