Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа

2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Япон Улсын Ямагата мужийн захиргаа болон тус мужийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчилж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Японы талаас Ямагата мужийн захиргааны Үйлдвэрлэл, хөдөлмөрийн газрын гүйцэтгэх захирал Казүюки Эндо (Kazuyuki Endo), Үйлдвэрлэлийн инновацыг дэмжих хэлтсийн дэд захирал Саори Тамия (Saori Tamiya), тус хэлтсийн мэргэжилтэн Аюми Насү (Ayumi Nasu), Майстер Инк. (Meister Inc.) компанийн мэргэжилтэн Рё Такай (Ryo Takai), Сүзүки Хай-Тек Инк. (Suzuki High-Tech Inc.) компанийн Бизнес хөгжлийн төлөөлөгч Д.Шинэ-Ундрал (Shine-Undarga Dagva), ЖЕТРО Ямагата (JETRO Yamagata)-гийн захирал Аюми Күсаба (Ayumi Kusaba), Глобал хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Кажицү Ёшитакэ (Kajitsu Yoshitake), Дайичи Фрэйт Систем Инк. (Daiichi Freight System Inc.) компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Соичиро Ёнеда (Soichiro Yoneda) нар оролцов.

ШУТИС-ийн талаас Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Д.Цогзолмаа, Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн М.Болортуяа, мэргэжилтэн Г.Онон  нар уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр Ямагата мужийн төлөөлөгчид тус мужийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, гадаадын чадварлаг хүний нөөцийг татан ажиллуулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Мөн ШУТИС-ийн төгсөгч, оюутнуудыг Ямагата мужийн аж ахуйн нэгж, байгууллагуудад дадлагажуулах, ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар болон япон хэлний бэлтгэлийг уялдуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

ШУТИС-ийн зүгээс их сургуулийн сургалт, оюутны хөгжил, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Японы байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй оюутны дадлага, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Талууд цаашид ШУТИС-ийн оюутан, төгсөгчдөд Ямагата мужиийн аж ахуйн нэгжид дадлага хийх, ажиллах боломжийн талаарх мэдээллийг тогтмол хүргэх, оюутнуудын япон хэл болон мэргэжлийн бэлтгэлийг дэмжих, их сургууль–орон нутгийн захиргаа–аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг үргэлжлүүлэн судлахаар санал нэгдэв.