“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль болон “Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК хамтран Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захиалгаар хэрэгжүүлсэн “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж дууслаа.

Төслийн хаалтын арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн VIII байрны Олон улсын хурлын танхимд болж, төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулан, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Жахан Шамшиев, Боловсролын яамны Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н.Мөнхсанчир, ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт хариуцсан проректор, Ph.D. Р.Бадмаанямбуу, төслийн хамтрагч байгууллагууд болох “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК-ийн төлөөлөл, ЭХИС-ийн эрдэмтэн багш, инженер, мэргэжилтэн болон оюутнууд оролцлоо.

 

Төслийн хүрээнд эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, залуу инженерүүдийн техникийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд салбарын бодит хэрэгцээ, технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа болсон юм.

Түүнчлэн уг төслийн хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль “Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” бакалаврын шинэ хөтөлбөрийг боловсруулж, 2026–2027 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч, шинэ үеийн эрчим хүчний инженерүүдийг бэлтгэх сургалтын үндэс суурийг тавилаа.

Төслийн хүрээнд эхэлсэн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж, Монгол Улсын эрчим хүчний салбарт шаардлагатай шинэ үеийн мэдлэг, ур чадвартай инженерүүдийг бэлтгэх, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг талууд онцоллоо.

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, “Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт эрдэмтэн багш, инженер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.