Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургууль, "Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл" ХХК, "Эрдэнэс Үйлдвэр, Технологийн Парк" ХХК гэсэн дөрвөн тал хамтран "Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим", мөн "Сургалт, судалгааны төв" байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн I байрны хурлын танхимд БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Чжан Жисюнээр ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, ШУТИС-ийн ректор Т.Намнан, ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, "Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл" ХХК, "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн захирал Н.Мөнх-Идэр нар хамтарсан уулзалт хийлээ. БНХАУ-ын талаас олон улсын харилцааны албаны захирал, доктор Чэн Вэн, Эрчим хүчний сургуулийн гүйцэтгэх декан, профессор Ши Ливэй, Насан туршийн боловсролын сургуулийн декан, профессор Ван Чжицзюнь, тэргүүлэх инженерүүдийн үндэсний коллежийн дэд декан, ноён Ху Хайшань, Олон улсын харилцааны албаны дэд захирал ноён Чуан Сюэхун нар оролцов.


Уулзалтын үеэр талууд мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа шинжилгээний чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоны эцэст ШУТИС-ийн ХШУС, CUMT их сургууль, "Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл" ХХК, "Эрдэнэс ҮТП" ХХК дөрвөн тал "Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" болон "Сургалт, судалгааны төв" байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь "Нүүрсний боловсруулалтын технологи" чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх бакалаврын (2+2) хөтөлбөрийг дэмжих зорилготой бөгөөд, ШУТИС-ийн ХШУС-ийн инженерийн боловсролыг олон улсын жишигт хүргэх, уул уурхай, нүүрсний боловсруулалтын технологийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа