Үндэсний үйлдвэрлэгчдийн “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрөөр 22 оюутан тэтгэлэг авлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

ШУТИС нь 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Жи Пи Брайт Холдинг” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Уг хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн харьяа үндэсний үйлдвэрлэгчид болох 80 жилийн түүхт “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхт “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК ШУТИС-д нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан билээ.

 

Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болох “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтаар бакалаврын болон магистрын түвшний оюутнууд шалгарч, сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд суралцах хугацаандаа үйлдвэрлэлийн бодит орчинд дадлага хийх, цалинтай ажиллах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, судалгаа, инновацын төсөлд оролцох боломжтойгоороо онцлог юм.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ө.Шижир, “Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа, ШУТИС-ийн Ректор Т.Намнан болон бусад албаны хүмүүс, тэтгэлэгт хамрагдсан оюутнууд, тэдний гэр бүлийн төлөөлөл оролцов.

“Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа хэлэхдээ:

“Бид хүнсний үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэр дундаа инженер, технологичдыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилсан. ШУТИС-тай байгуулсан нэг тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутнуудын сургалтын төлбөрийг дэмжихээс гадна сургуулийн зарим анги, танхим, лабораторийг шинэчлэх, судалгааны ажлыг хөгжүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дэмжихэд хөрөнгө зарцуулна. Харин “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр нь энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг юм” хэмээн онцоллоо.

ШУТИС-ийн Ректор Т.Намнан энэхүү хамтын ажиллагааг их сургууль, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал хэмээн тодорхойллоо.

Тэрбээр Богино хугацаанд бодит үр дүн болж хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагааны шинэ загвар, хэлбэрийг хөгжүүлэхэд энэхүү санаачилга чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож байгаа нь онцгой ач холбогдолтой бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлага, хүнсний үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг онцоллоо.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд суралцах хугацаандаа өвөл, зуны улиралд цалинтай дадлага хийх, гадаад, дотоодын түнш байгууллагуудад дадлагажих, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, судалгаа, инновацын төсөлд оролцох боломжтой. Түүнчлэн сургуулиа төгсөөд хамтран ажиллагч байгууллагад мэргэжлээрээ ажиллаж, үйлдвэрлэлийн бодит туршлага хуримтлуулах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм.

ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан М.Төгөлдөр “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сэтгэгдлээ хуваалцлаа.

“Энэхүү тэтгэлэгт хамрагдаж чадсандаа маш их баяртай байна. Дөрвөн жилийн сургалтын төлбөрөө бүрэн даалгах болсноор миний хувьд төдийгүй гэр бүлийнхэнд маш том дэмжлэг болж байна.

Би энэ зун элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд хотод ирэхдээ сургалтын төлбөрөө өөрөө олохыг хичээж, эхний семестрийнхээ төлбөрийг төлсөн байсан. Харин одоо сургалтын төлбөрийн асуудалгүй болсноор гэр бүлийнхнийхээ ачааг хөнгөлж, төлбөрөө олохын тулд ажиллах байсан цагаа хичээлдээ зарцуулж, илүү сайн суралцах боломжтой боллоо. Цаашдаа мэргэжилдээ чадварлаг боловсон хүчин болж төлөвшихөд энэхүү тэтгэлэг маш том дэмжлэг болно гэж бодож байна.

Энэ хөтөлбөрийн давуу тал нь дөрвөн жилийн сургалтын төлбөрийг даахаас гадна их сургуульд суралцах хугацаандаа өвөл, зуны улиралд цалинтай дадлага хийх, төгссөнийхөө дараа компанид таван жил ажиллах боломж олгож байгаад оршиж байна. Ингэснээр бид суралцах хугацаандаа ажлын бодит туршлага хуримтлуулж, төгсөөд мэргэжлээрээ ажиллахад бэлтгэгдэх юм. Миний хувьд амьдралд нэг л удаа тохиох ийм том боломжийг олж авсандаа үнэхээр их баяртай байна” хэмээн ярив.

 

 

“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ОЮУТНУУД

Бакалаврын хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль – Барилгын инженер, А. Амартүвшин

Механик, тээврийн сургууль – Механик инженерчлэл, М. Төгөлдөр

Мэдээлэл, холбооны технологийн сургууль – Программ хангамжийн инженер, Ү. Мичидмаа

Мэдээлэл, холбооны технологийн сургууль – Юмсын интернэт, Э. Насанжаргал

Механик, тээврийн сургууль – Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Г. Батсайхан

Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – Цахилгааны инженерчлэл, Б. Энхсайхан

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль – Хүнсний чанар, аюулгүй байдал, Н. Маралгоо

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль – Хүнсний чанар, аюулгүй байдал, Ш. Ганчимэг

Мэдээлэл, холбооны технологийн сургууль – Кибер аюулгүй байдал, Г. Энхтулга

Механик, тээврийн сургууль – Үйлдвэрлэлийн автоматжуулалт, А. Буянбат

Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – Цахилгаан хангамж, Г. Түвшинбат

Мэдээлэл, холбооны технологийн сургууль – Программ хангамжийн инженер, Ц. Тэнгис

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль – Хүнсний биотехнологи, Э. Мөнхчимэг

Механик, тээврийн сургууль – Механик инженерчлэл, Б. Төрболд

Магистрын хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд

Менежментийн сургууль – Бизнесийн удирдлага, У. Ламжав

Менежментийн сургууль – Бизнесийн удирдлага, Э. Туяа

Менежментийн сургууль – Бизнесийн удирдлага, Б. Идэрээ

Менежментийн сургууль – Бизнесийн удирдлага, Б. Оргил

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль – Хүнсний биотехнологи, Б. Тунгалагтуяа

Мэдээлэл, холбооны технологийн сургууль – Кибер аюулгүй байдал, Г. Гантөмөр

Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – Цахилгаан хангамж, Э. Дашдондов

Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Б. Тэргэл

Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Б. Гэрэлтзул

ШУТИС болон үндэсний үйлдвэрлэгчдийн энэхүү хамтын ажиллагаа нь оюутнуудад суралцах санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бодит орчинд дадлагажих, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, төгсөөд ажлын байранд шууд шилжин ажиллах боломжийг нэмэгдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.