Боловсролын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран боловсролын тогтолцооны шинэчлэл, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилгоор “Боловсролын системийн загварчлал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Цуврал хэлэлцүүлгийн эхнийх болох “Бид хаана байна вэ? Ямар шинэчлэл хэрэгтэй вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн VIII байрны Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Энэхүү цуврал хэлэлцүүлэг нь боловсролын тогтолцоог бүх түвшинд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, бусад салбарын бодлоготой уялдуулан шинэчлэх үзэл баримтлал, системийн загварчлалыг тодорхойлж, 2027–2030 онд хэрэгжүүлэх хөгжлийн стратеги, хөтөлбөрийн үндэс суурийг бүрдүүлэх зорилготой.

Хэлэлцүүлгийг дараах гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:
Нэгдүгээр хэлэлцүүлэг: “Бид хаана байна вэ? Ямар шинэчлэл хэрэгтэй вэ?”;
Хоёрдугаар хэлэлцүүлэг: “Бид юунаас эхлэх вэ? Яаж хэрэгжүүлэх вэ?”;
Гуравдугаар хэлэлцүүлэг: “Хэрэгжилтийг хэрхэн дэмжих вэ?”.
Цуврал хэлэлцүүлгийн хүрээнд боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дараах үндсэн найман чиглэлээр оролцогч талуудын санал, байр суурийг хэлэлцэх юм.
Бодлого, эрх зүйн орчин;
Засаглал, институцийн бие даасан байдал;
Санхүүжилтийн тогтолцоо;
Чанарын баталгаажуулалт;
Сургалт, судалгаа, инновац;
Цахим болон технологийн шилжилт;
Тогтвортой хөгжил;
Олон улсын өрсөлдөх чадвар.
Түүнчлэн их сургуулийн академик эрх чөлөө, бие даасан байдал, засаглалын оновчтой тогтолцоог бэхжүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, судалгаа, инновацын экосистемийг хөгжүүлэх асуудлыг онцлон авч үзэхээр тусгажээ.

Мөн хиймэл оюун ухаан, дижитал технологийн дэвшлийг сургалт, судалгаанд нэвтрүүлэх, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг боловсролын бодлого, үйл ажиллагаатай уялдуулах чиглэлээр санал, шийдэл боловсруулах юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд боловсролын таван түвшний залгамж холбоо, сургалтын хөтөлбөрийн уялдаа, тасралтгүй суралцах боломжийг хангасан Монгол Улсын боловсролын нэгдсэн тогтолцооны үзэл баримтлал, системийн загварчлал болон дээд боловсролын 2027–2030 оны хөгжлийн стратеги, хөтөлбөрийн төслийг боловсруулах зорилт дэвшүүлж байна.

Энэхүү цуврал хэлэлцүүлэг нь боловсролын салбарын шинэчлэлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, оролцогч талуудын нэгдсэн ойлголт, зөвшилцлийг бий болгох, төр, боловсролын байгууллага, хувийн хэвшил, ажил олгогч болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Боловсролын системийн загварчлал” цуврал хэлэлцүүлгийг ШУТИС-д зохион байгууллаа
Орос хэлний эрдэмтэд, судлаачид чууллаа
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа