ШУТИС Төмөр замын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, УБТЗ ХНН-ийн Төмөр замын их сургууль сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ШУТИС-ийн ректор, профессор Т.Намнан, Төмөр замын их сургуулийн ректор, доктор У.Мягмарсүрэн нар гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Төмөр замын их сургуулийн талаас ректор У.Мягмарсүрэн, Сургалт эрхэлсэн дэд захирал Л.Бямбасүрэн, Нийгмийн хөгжил, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Баяржаргал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Бямбасүрэн, Багш хөгжлийн төвийн эрхлэгч Н.Сарантуяа, ШУТИС-ийн талаас ректор Т.Намнан, Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг нар оролцлоо.

 

Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын төмөр зам, инженерчлэлийн салбарын хөгжлийг дэмжих, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсад өрсөлдөхүйц инженер, мэргэжилтэн бэлтгэх, шинэ технологи, инновацын шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэж байна.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Бакалавр, магистрын түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх;
  • Үйлдвэрлэлийн дадлага хийх, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх;
  • Зам тээвэр, төмөр зам, инженерчлэлийн салбарт тулгамдаж буй асуудлаар хамтарсан судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Багшийн мэргэжлийн ур чадвар, судалгааны чадавхыг дээшлүүлэх;
  • Сургалтын хэрэглэгдэхүүн, судалгааны лабораторийг хамтран ашиглах;
  • Дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал хамтран зохион байгуулах;
  • Зам тээврийн салбарын ажилтан, албан хаагчдыг магистр, докторын түвшинд суралцахад дэмжлэг үзүүлэх;
  • Гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологи бойжуулах, дамжуулах чиглэлээр хамтран ажиллах.

Гурван жилийн хугацаатай байгуулсан энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн сургалт, судалгаа, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ төмөр зам, инженерчлэлийн салбарын хүний нөөцийн хөгжил, технологийн дэвшилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны алба​​​​​​​