Стратегийн технологийн олон улсын 8 дугаар форум 2013 оны 6 сарын 28-наас 7 сарын 1-ний өдрүүдэд ШУТИС дээр зохион байгуулагдаж байна. Энэхүү форум нь бүс нутгийн хэмжээнд инженер технологийн чиглэлээр жил бүр аль нэг гишүүн их сургууль дээрээ зохион байгуулагддаг олон улсын нэр хүнд бүхий томоохон эрдэм шинжилгээний хурал юм.
ШУТИС нь 2006 оноос энэхүү форумд нэгдэж орсон бөгөөөд 2007 онд тус форумыг өөрийн сургууль дээр зохион байгуулж байсан билээ. Ийнхүү энэ онд тус форумыг дахин зохион байгуулах эрхийг хүлээн авч хурлын бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.
Энэ удаагийн форум нь дэлхийд тэргүүлэх IEEE олон улсын байгууллагын дэмжлэг дор явагдаж байгаа бөгөөд тус хурлын илтгэлүүд нь IEEE Xplore-ийн индекстэйгээр хэвлэгдэж байгаагаараа нэн онцлогтой юм.
Тус форумд IFOST-ийн гишүүн их сургуулиуд болох Солонгос улсын Улсаны ИС, ОХУ-ын Новосибирскийн ТИС, Томскийн Политехникийн ИС, БНХАУ-ын Харбины ШУТИС, Бангладешийн Читагоны ИС, Индонезийн Гажа Мада ИС болон Москвагийн Бауманы ТИС, Шанхайн ШУТИС, Бээжингийн Жиатоны ИС-ийн тэргүүлэх эрдэмтэн судлаачид, профессорууд оролцож байна. Мөн түүнчлэн АНУ, Япон, Польш, Чех, Герман, Монгол зэрэг 20 шахам орны инженер технологийн салбарын 250 гаруй эрдэмтэн, судлаачид, профессорууд, ахисан түвшний оюутан суралцагчид оролцож өөрсдийн судалгааны ажлын үр дүнгүүдээ хэлэлцүүлж байна.
IFOST2013 форум нэгдсэн болон 7 салбар хуралдаанаар зохион байгуулагдах бөгөөд шинэ материал судлал, нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи, геологи, уул уурхай, эрчим хүч, барилга, механик болон инженерийн хэрэглээний суурь ухааны чиглэлүүдээр шинэлэг, чухал ач холбогдол бүхий134 аман илтгэл, 108 ханын илтгэлийг хэлэлцэх юм.
Олон улсын IEEE байгууллагын шалгуураар шүүн хянагдсан 430 гаруй илтгэлийг хурлын 2 боть эмхэтгэлд нэгтгэн хэвлэсэн байна.
Тус хуралд ШУТИС-ийн олон эрдэмтэн судлаач, багш нараас гадна манай орны тэргүүлэх их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, үйлдвэрлэл, бизнесийн компаниудаас олон судлаачид, инженерүүд оролцож илтгэлээ хэлэлцүүлж байна.
Гурван өдөр үргэлжлэх тус форум нь олон орны эрдэмтэн судлаачид, инженерүүд, магистр, доктор оюутнуудын хувьд орчин үеийн шинэ дэвшилтэт технологийн чиглэлээр хийж буй судалгааны ажлын шинэхэн үр дүнгүүдээ танилцуулах, харилцан мэдээлэх, суралцах, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг нээж өгч буй өндөр ач холбогдолтой хурал юм.
Тус форумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.must.edu.mn/IFOST2013 сайтаас авч, хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Зохион байгуулах хороо
“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “Хамтарсан судалгаа-Бизнес түншлэл 2024” сэдэвт семинар Япон улсад зохион байгуулагдлаа
ОХУ-ын Эрхүү хотноо зохиогдох Сагсан бөмбөгийн оюутны олон улсын тэмцээнд “ШУТИС-ШАРКС” оролцож тэргүүн байр эзэллээ
Судлаач оюутан цуврал-2 лекцийн сэдэв: "Эрдэм шинжилгээний ажил илтгэх талаарх зөвлөмж"
АНУ-ын Шилдэг их сургуулиудтай харилцан үр өгөөжтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэрээ байгууллаа
БНСУ-ын Засгийн Газраас санхүүжүүлэх “Жи-Локал Их Сургууль 30” төсөлд ШУТИС хамрагдахаар боллоо