ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, УКРАИН УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦУУЛНА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, УКРАИН УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦУУЛНА     
2006/02/08 
 
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2006-2007 оны хичээлийн жилээс Оросын Холбооны Улс (ОХУ)-д суралцах 90 оюутан, 35 докторантыг, Украин улсад суралцах 7 оюутан, 2 докторантыг, Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКазУ)-д суралцах 4 оюутныг тус тус уралдаант шалгалтаар сонгон шалгаруулна.

Украин улсад инженер, технологи, уул уурхай, геологи, байгалийн шинжлэлийн чиглэлээр, БНКазУ-д уран зохиол, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр, ОХУ-д:
- орос судлал (2), сэтгэл судлал (2), дорно дахин судлал (2), түүх (2), гүн ухаан (2), ерөнхий эмчилгээ (3), хүүхдийн эмчилгээ (1), эм зүй (1), эдийн засаг (2), санхүү (2), удирдлага (2), кадастр (2), байгалийн шинжлэл (10), геологи (5), ашигт малтмал (5), эрчим хүч (5), металлурги (2), машин тоног төхөөрөмж (5), информатик (5), химийн технологи (5), барилга архитектур (5), хөрс судлал (2), ойн инженер (2), байгаль хамгаалал (2), газар зүй (2), картографи (2), хөнгөн үйлдвэрийн технологи (5), хүнсний үйлдвэрийн технологи (5)-йн чиглэлээр бакалаврын сургалтад;
- сэтгэл судлал (2), математик (2), физик (2), хими технологи (2), биотехнологи (2), эдийн засаг (2), эрх зүй (1), арьс ширний технологи (2), хүнсний технологи (2), металлурги (2), эрчим хүч (2), геологи (2), нефтийн хими (1), тээврийн удирдлага (2), барилга архитектур (2), хөрс судлал (2), зүрх судас (1), мэс засал (1), хавдар судлал (1), пульмонологи (1), нүдний эмчилгээ (1)-ний чиглэлээр докторын сургалтад тус тус хамруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтад оролцох мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон тухайн хүлээн авах орны их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс багагүй хугацаагаар суралцаж амжилттай төгссөн 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Гадаадын их, дээд сургуулийн үндсэн ангид хувиараа суралцаж байгаа оюутныг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Докторын сургалтад хамрагдах хүмүүс нь тухайн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй /сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй/, орос хэлний бэлтгэлтэй, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг монгол хэл дээр бүрдүүлж, 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Боловсролын Их сургуулийн Багшийн сургууль (хуучин нэрээр Багшийн коллеж)-ийн 1 дүгээр давхарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ (баримт бичгийг дэс дараагаар нь хавтсанд хийсэн байна). Бүртгүүлсэн хүмүүст шалгалтад орох эрхийн бичиг олгоно.

Бакалаврын сургалтад хамрагдахаар шалгалт өгөх хүмүүс:

1. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
2. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
3. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт (1-2 дугаар ангийн дүн эсвэл суралцах
улсын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангийн сурлагын дүнгийн жагсаалтыг
хавсаргана)
4. Хураамж 5000 төгрөг

Докторын төвшний сургалтад хамрагдахаар шалгалт өгөх хүмүүс:

1. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
2. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын хуулбар
(нотариатаар баталгаажуулна)
3. Ажил байдлын тодорхойлолт
4. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (2-4 хуудас)
5. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
6. Хураамж 10000 төгрөг

Сонгон шалгаруулалтыг орос хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Орос хэлний шалгалтыг 2006 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын оноог 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгалтын нийт онооны 50 ба түүнээс дээш хувийн оноо авсан бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг, 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан докторын сургалтад хамрагдах хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс доорх хүснэгтэд дурдсан мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.


 №  Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл  Мэргэжлийн шалгалт 
 1 Сэтгэл судлал, гүн ухаан, эдийн засаг, санхүү, удирдлага, кадастр, байгалийн шинжлэл, геологи, ашигт малтмал, эрчим хүч, металлурги, машин тоног төхөөрөмж, информатик, барилга архитектур, газар зүй, картографи, хөнгөн үйлдвэрийн технологи, инженер, уул уурхай, байгалийн шинжлэл, хөдөө аж ахуй   Математик
 
 2 Ерөнхий эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, эм зүй, байгалийн шинжлэл, химийн технологи, хөрс судлал, ойн инженер, байгаль хамгаалал, биофизик, хүнсний үйлдвэрийн технологи, технологи, байгалийн шинжлэл, хөдөө аж ахуй, мал эмнэлэг   Хими 
 3 Орос судлал, дорно дахин судлал, түүх, уран зохиол   Нийгмийн тухай мэдлэг 



Докторын сургалтад хамрагдах хүмүүс нь мэргэжлийн шалгалтыг реферат хамгаалах, эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр өгнө.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийн мэргэжлийн шалгалтыг 3 дугаар сарын 7-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын оноог 2006 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь шалгалтын нийт онооны 50 ба түүнээс дээш хувийн оноо, докторын сургалтад хамрагдах хүмүүс нь 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгарагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 3 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Украин улсад бакалаврын түвшинд суралцахаар шалгарсан хүмүүст 3 дугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагт, БНКазУ-д суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 15.30 цагт, ОХУ-д бакалаврын түвшинд суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 16.00 цагт, ОХУ, Украин улсад докторын түвшинд суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд хүлээн авах талд илгээх баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгнө.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг нь явуулах бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг тухайн улсын Боловсролын яам нь хүлээн авах сургуультай хамтран гаргана. Нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно (2004-2005 оны хичээлийн жилийн байдлаар ОХУ-ын Засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 600 рублийн, аспирант, докторантад 1500 рублийн тэтгэлэг, Украины Засгийн газраас сарын 20 орчим ам.долларын тэтгэлэг, БНКазУ-ын Засгийн газраас сарын 10 орчим ам.долларын тэтгэлэг тус тус олгож байна).

ОХУ-ын их, дээд сургуулийн бакалаврын сургалтад хэлний бэлтгэлгүйгээр шууд элсэх хүсэлтэй нэр дэвшигчдээс ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам орос хэлний түвшин тогтоох ярилцлага авна. Энэ ярилцлагад тэнцсэн хүмүүсийг хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Ярилцлагыг зохион байгуулах хугацаа, байрыг жич зарлана.

Украин улсад бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн украин хэлний, БНКаз.У-д суралцах хүмүүс орос хэлний бэлтгэл сургалтад тус тус хамрагдах боломжтой.

Докторын түвшний сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэл сургалтад хамрагдах боломжгүй.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС
МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ