БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД СУРАЛЦУУЛНА

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД СУРАЛЦУУЛНА      
2006/03/06  


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2006-2007 оны хичээлийн жилээс БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд бакалаврын зэргийн 23 оюутан, 27 мэргэжил дээшлүүлэгчийг тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын зэргийн сургалтад хамрагдах оюутныг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа эсвэл БНХАУ-ын их, дээд сургууль, коллежийн хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс доошгүй хугацаагаар суралцсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Иймд холбогдох сургуулиуд доорх хуваарийн дагуу шалгалтад оролцох оюутнуудаа хяналтын тоондоо багтаан шалгаруулж, нэрсийг нь сургуулийн захирлын албан бичгээр 2006 оны 3 дугаар сарын 16-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын хэлтэст ирүүлнэ.


№ Сургуулийн нэр  Шалгалтад орох оюутны тоо  
1 Монгол улсын их сургууль 40 хүртэл  
2 Шинжлэх ухаан, технологийн их сургууль 40 хүртэл  
3 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль  15 хүртэл  
4 Боловсролын их сургууль  15 хүртэл  
5 Хөдөө аж ахуйн их сургууль  15 хүртэл  
6 Соёл урлагийн их сургууль  15 хүртэл  
7 Хүмүүнлэгийн ухааны их сургууль  15 хүртэл  

 

Хүснэгтэд нэр дурдагдаагүй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежоос тус бүр 5 хүртэл оюутныг шалгалтад оруулна.

Мэргэжил дээшлүүлэх хүмүүс нь бакалавраас доошгүй боловсролтой (сургалтын голч дүн нь 3.25-аас доошгүй байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Бакалаврын түвшний оюутнуудыг болон мэргэжил дээшлүүлэгч нарыг хятад хэл, гүн ухаан, сэтгэл судлал, байгалийн ухаан, инженер технологи, барилга, архитектур, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүч, газрын тос, хүнс, хөнгөн үйлдвэрийн технологи, зам тээвэр, гүүр, мэдээлэл, холбоо, электроник, анагаах ухаан, мал эмнэлэг, хөдөө аж ахуй, кино урлаг, дизайны урлаг, дүрслэх урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, экологийн чиглэлээр сонгон шалгаруулж суралцуулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг дэс дараагаар нь англи буюу хятад хэл дээр бүрдүүлж, 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 1 дүгээр давхарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ (баримт бичгийг дэс дараагаар нь хавтсанд хийсэн байна). Үүнд:

Бакалаврын төвшний оюутнууд:
1. Анкет (маягтыг бүртгэх явцад олгож, бөглүүлнэ)
2. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг (анкет дээр наана)
3. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
5. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт (1-2 дугаар анги эсвэл БНХАУ-ын их, дээд сургууль, коллежийн хэлний бэлтгэл ангийн сурлагын дүнгийн жагсаалтыг хавсаргана)
6. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (200-аас цөөнгүй үгээр бичнэ)
7. Хураамж 5000 төгрөг

Мэргэжил дээшлүүлэгчид:
1. Анкет (маягтыг бүртгэх явцад олгож, бөглүүлнэ)
2. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг (анкет дээр наана)
3. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
4. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын хуулбар (нотариатаар баталгаажуулна)
5. Ажил байдлын тодорхойлолт
6. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ)
7. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
8. 2 эрдэмтний тодорхойлолт
9. Хураамж 10000 төгрөг

Жич: Соёл урлагийн чиглэлийн оюутан, мэргэжил дээшлүүлэгчид өөрийн бүтээл (дуу, бүжиг, кино, клип)-ээс CD, VCD-нд, дүрслэх урлагийн чиглэлийн оюутан, мэргэжил дээшлүүлэгчид хар зураг, өнгөт зураг болон бусад бүтээлээс тус бүр 2 ширхэгийг CD-нд тус тус хуулбарлан хавсаргана.

БНХАУ-ын Боловсролын яамны мэдэгдлийн дагуу хятадын их, дээд сургуульд суралцах болон мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцах тул бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тус Элчин сайдын яаманд 3 дугаар сарын 20-ний өдрийн дотор шилжүүлнэ. Элчин сайдын яам нь эдгээр баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан хүмүүсээс ярилцлага авна. Ярилцлага авах хуваарийг 3 дугаар сарын 22-ны өдрийн 18.00 цагт ЭСЯ-ны гадаах самбар дээр зарлана. Ярилцлагыг 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 3 дугаар сарын 26-ны өдөр ЭСЯ-ны гадаах самбар дээр зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.

Хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ыг амжилттай өгсөн бөгөөд олон улсын болон улсын хэмжээний математик, физик, хими, гадаад хэлний олимпиадад тэргүүн байр эзэлсэн оюутнууд сонгон шалгаруулалтад давуу эрх эдэлнэ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, тухайн хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 

Оруулсан Д. Туул, ГХГ-ын ахлах мэргэжилтэн