СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
2008-2009 оны хичээлийн жилээс олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантурт суралцах 45 хүнийг сонгон шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.
Мэргэжлийн хуваарийг дараах сайтаас үзнэ үү:
http://www.mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=664&Itemid=184
Сонгон шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавраас доошгүй боловсролтой /сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байна/, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний бэлтгэлтэй, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хүмүүс /цаашид ”шалгуулагч” гэнэ/-ийг оруулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2008 оны 5 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 209 тоот өрөөнд бүртгэх тул дараах баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеээр хүрэлцэн ирнэ үү:
1. Өргөдөл (тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, өөрийгөө бэлтгэсэн байдал болон яагаад энэ санхүүжилтэд хамрагдах шаардлагатай болсон үндэслэл, төгссөний дараа хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлнэ үү);
2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын 500 шилдэг их сургуулийн нэрсийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас харна уу);
3. Өөрийн судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);
4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
5. Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн энэхүү тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлнэ);
6. Бакалаврын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (дипломын хуулбарыг олгосон байгууллагаас нь авахыг зөвшөөрсөн захидал);
7. Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт;
8. Шалгалтын хураамж 10000 төгрөг.
Сонгон шалгаруулалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Сургалт, эрдэм шинжилгээний болон захиалагч байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгуулагчдын баримт бичигт дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Сонгон шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалаврын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.
Сонгон шалгаруулалтын дүнг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.
Сургалтын төрийн сангаас зээл олгох тухай эцсийн шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргах бөгөөд шийдвэр хүлээн авсан хүмүүс нь захиалагч байгууллагатай гэрээ байгуулж, Тангарагийн бичиг өргөн барина. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах, зээлийг эргэн төлүүлэх тухай тодорхой нөхцөл болон захиалагч байгууллага, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Оруулсан: ОУХАА-ны ахлах мэргэжилтэн Д.Туул