ШУТИС-ийн 60 дахь төгсөлтийн Мөнгөн хонхны байр боллоо

Бид оюутнуудаа хүлээж авахдаа нэг баярлан догдолж,үдэж мордуулахдаа бас гунигтай баярладаг юм. Оюутнууд минь сургуулиа амжилттай төгсөөд сайн ажиллаарай, сайхан амьдраарай. Та бүхний өмнө их ирээдүй байна шүү хэмээн ахмад багш, ГГТС-ийн захирал Д.Чулуун “Мөнгөн хонх”-ны баяраа хийж буй оюутнууддаа захисан юм.

Сар жилийн урт анзаарагдалгүй өнгөрч

Сайхан дотно мөчүүд сэтгэлд ойр үлдэж

Санаа нийлсэн ангийнхан салаа замаар одож

Саваагүй залуу насны жолоог чангалах боллоо.

ШУТИС-ийн Сургалтын проректор Х.Буяннэмэх  “Мөнгөн хонх”-ны баяраа хийж буй оюутнуудад баяр хүргэн амжилт хүсээд та нар ШУТИС-ийн 60 дахь удаагийн төгсөлт болж байгаагаараа онцлог юм гэж байсан.

Ийнхүү ШУТИС-ийн 60 дахь төгсөлтийн оюутнууд 2008 оны 5-р сарын 16-нд Мөнгөн хонхны баяраа хийлээ. Баярын арга хэмжээнд Сургалтын проректор Х.Буяннэмэх, Эдийн засаг,нийгмийн хөгжлийн проректор Г.Даваажаргал  болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд оролцсон. Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын ардын багш Ч.Авдай хүрэлцэн ирж оюутнуудад баяр хүргэсэн юм. Тэрээр, одоогоос 47 жилийн тэртээ би мөн л та нар шиг энэ сургуулийг төгсч байлаа. Тэр үеийг одоо эргээд дурсахад одоогийн та нартай харьцуулахын аргагүй юм шиг санагдаж байна даа. Тэр үеийн оюутнууд  бид чинь гаднаас нь харахад оюутан гэж хэлэхэд хэцүүхэн л хүмүүс байлаа шүү дээ.Бүгд л даалимбан дээлтэй хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.

Сурч байх хугацаандаа сурлага хөдөлмөр, урлаг спортоороо манлайлагч байсан оюутнууд энэ өдөр мөнгөн хонхоор чимсэн  энгэрээ “цоолсон”. МОХ-ны “Шилдэг оюутан” алтан медаль, Нийслэлийн ХЗХГ-ын  “Тэргүүний залуу” алтан медаль, Монголын Биеийн тамир, спортын хорооны “Спортын алдар” алтан медаль гээд манай төгсөгчид олон медалийн эзэд болсон.

Энэ жил сургуулиа төгсч байгаа нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдынх нь их ажил амьдралд амжилт хүсэн хамгийн сайхан гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн ерөөе.

 


Оруулсан: Хэвлэл мэдээллийн алба /С.Сосор /