СҮЛЖЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.  Энэ удирдамжийн дагуу сүлжээний мэргэжлийн улсын хоёрдугаар олимпиадыг их, дээд сургуулиудын дунд нээлттэй зохион байгуулна.

1.2.  Олимпиадыг 2012 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр ШУТИС-ийн МХТС-ийн дээр зохион байгуулна. Олимпиадын мэдээ, мэдээллийг http://olympiad.sict.edu.mn сайтад байрлуулсан байна.

1.3.  Олимпиадын хүрээнд оюутнуудыг онол, практик даалгавар гүйцэтгэсэн оноогоор жагсааж байр эзлүүлнэ. Багийн дүнг гишүүдийн онооны нийлбэрээр гаргаж жагсаана.

1.4.  Сүлжээний мэргэжлийн улсын олимпиадыг жил бүр зохион байгуулж байна.


Хоёр. Зохион байгуулалт


2.1.  Олимпиадыг зохион байгуулах үйл ажиллагаа нь шалгах болон зохион байгуулах комисстой байна. Шалгах комисс нь багийн мэдүүлэг өгсөн их дээд сургуулиудын багш нарын төлөөллөөс бүрдэнэ. Зохион байгуулах комисс нь бодлого боловсруулах, дүгнэх үйл ажиллагаанд оролцохгүй байх бөгөөд МХТС-ийн захирлын тушаалаар томилогдсон багийн бүрэлдэхүүнтэй байна.

2.2.  Нэг хүн зөвхөн нэг комиссын гишүүнээр ажиллахыг зөвшөөрнө.

2.3.  Шалгах комисс нь энэхүү удирдамжийн 4.1.3-д заасан сэдвийн хамрах хүрээ, чиглэлийн дагуу онолын болон практик даалгаврыг техникийн зөвлөгөөн хийхээс өмнө боловсруулж бэлтгэсэн байна. Техникийн зөвлөгөөнийг олимпиад эхлэхээс 2 өдрийн өмнө зохион байгуулна.

2.4.  Олимпиадад оролцох багийн мэдүүлгийг 2012 оны 04-р сарын 30-ны 17:00 цагаас өмнө зохион байгуулах комиссд өгч, бүртгүүлсэн байна.

2.5.  Олимпиад нь бүртгэлийн хураамжгүй байна.

2.6.  Энэхүү удирдамжид тусгагдаагүй, маргаантай асуудлыг шалгах комисс хүлээн авч шийдвэрлэнэ.


Гурав. Шалгаруулалт, шагнал, урамшуулал


3.1.  Багийн дүнгээр нэгдүгээр байрыг шилжин явах цом, МХТС-ийн нэрэмжит шагнал, дэд болон гуравдугаар байрыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнан урамшуулна.

3.2.  Хувийн дүнгээр эхний 3 байр болон тусгай шагналуудыг ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит шагналаар шагнан урамшуулна.



Дөрөв. Онол, практикын даалгавар боловсруулах, дүгнэх


4.1.  Даалгаварт тавигдах шаардлага

4.1.1 Xоёрдмол санаа агуулаагүй байх

4.1.2 Онолын болон практик даалгаврын гүйцэтгэх хугацаа, шалгуурыг тодорхой заах

4.1.3 Бодлого болон практик даалгавар нь интернэт протокол (IP)-д суурилсан сүлжээ, түүнд ажилладаг сүлжээний тоног төхөөрөмж, түгээмэл сервер, үйлдлийн системүүдийг хамарсан байна. Өөрөөр хэлбэл TCP/IP загварын бүх түвшинг хамарсан байна.


4.2.  Даалгавар сонгох журам  

4.2.1 Багийн багш нар даалгавар бэлдэж ирэх ба шалгах комиссын гишүүд дэвшигдсэн даалгавруудаас сонголт хийнэ. Шаардлагатай бол өөрчлөн найруулах, засварлах эрхийг шалгах комисс эдэлнэ.

4.2.2 Шалгах комисс даалгаврын түвшингээс хамааруулж бодлого бүрт оноо, хугацааг тогтооно.

4.2.3 Даалгавар сонгох үед өрөөнд зөвхөн шалгах комиссын гишүүд байна.

4.2.4 Даалгавар сонгож дуусах хүртэл зохион байгуулалтын бус шалтгаанаар өрөөнөөс хүн орж гарахыг хориглоно.

4.2.5 Шаардлагатай бол даалгавар сонгох хугацааг шалгах комисс, зохион байгуулах комисстой зөвшилцөн сунгаж болно.


4.3.  Дүгнэх            

            4.3.1        Шалгах комисс даалгаврын гүйцэтгэлийг дүгнэх ажлыг гүйцэтгэнэ.  

            4.3.2        Даалгаварт өгөгдсөн шалгуурыг хангаж байгаа тохиолдолд оноо өгнө.


Сүлжээний мэргэжлийн улсын хоёрдугаар олимпиадыг
зохион байгуулах комисс