“IAESTE DAY 2012” зохион байгуулах гэж байна

IAESTE (International Association Exchange Students in Technical Experience) Мэргэжлийн Дадлага Олгохоор Оюутан Солилцох Олон Улсын Холбоо нь 1948 оны 1-р сард Лондоны Эзэн Хааны Коллежийн оюутны асуудал эрхэлсэн зөвлөлийн санаачлагаар байгуулагдсан ба одоо эгнээндээ 81 үндэсний зөвлөлийг нэгтгэсэн боловсрол, үйлдвэрлэл, оюутны эрх ашгийг холбож  НҮБ-ийн Эдийн засаг нийгмийн хороо (ECOSOC), боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO), үйлдвэрлэл хөгжлийн байгууллага (UNIDO), олон улсын хөдөлмөрийн газрын үйлчилгээний агентлаг, Африк дахь эдийн засгийн зөвлөл   (ECA), хүнс хөдөө аж ахуйн байгууллага   (FAO), Америкийн штатуудын холбоо  (OAS), Европын нэгдсэн холбоо  (CEC) зэрэг байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг бие даасан төрийн бус байгууллага юм. 

 ШУТИС нь тус байгууллагад Монгол Улсыг төлөөлөн хамтарч ажилладаг байгууллага байдлаар 2001 онд элссэн бөгөөд 2007 онд жинхэнэ гишүүнээр элсээд байна. Тус байгууллагад элссэнээр ШУТИС-ийн залуу багш нар болон магистр, доктор, бакалаврын оюутнуудад өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиуд болон нэртэй компаниудад 1 сараас 1 жилийн хугацаатайгаар өөрийн мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээс гадна хэлнийхээ мэдлэгийг сайжруулаад ирэх өргөн бололцоо олдсон юм. Тус байгууллагын шугамаар Монголоос нийт 220 хүн солилцоогоор дэлхийн 20 гаруй оронд яваад байгаагийн ихэнх нь ШУТИС-ийн багш оюутнууд билээ. Иймээс IAESTE-ийн хөтөлбөрт хамрагдсан бүх багш оюутнуудыг 2012 оны 10 дугаар сарын 19-д ШУТИС-ийн номын сангийн 602 тоотод зохион байгуулагдах IAESTE –ийн өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна. Оролцох хүмүүс 2012 оны 10 дугаар сарын 10-ы дотор ГХХАГ-т 218 тоотод бүртгүүлнэ үү.

 IAESTE - ХУАНЛИ

 1. 10 – 12 саруудад:   Нэгдсэн Хуралдааны бэлтгэл ажлууд

  • Ажлын байр олох
  • Саналуудаа нэгтгэх
  • “O” form ( work offered ) – бэлтгэх
  • Хүлээж авах оюутнуудын хүсэлт
  • Явуулах оюутнуудын санал

Жил бүрийн 11 сарын 1 хүртэл гадаадын оюутан хүлээж авах бизнесийн байгууллага, их дээд сургуулиудын захиалгыг хүлээн авна. Гадаад оюутан хүлээж авах байгууллага нь доод тал нь 4 долоо хоног дээд тал нь нэг жилийн хугацаатай хүлээж авч болно. Хүлээн авч байгаа байгууллага оюутны амьдрахад хангалттай хэмжээний цалин олгоно. Цалингийн доод хэмжээг жил бүр тодорхойлж байна.

2. Оюутны судалгаа гаргах / 11 сарын 15 хүртэл/

 Жил бүрийн 11 сарын 1 хүртэл гадаадад дадлага хийх сонирхолтой оюутнуудын талаар судалгаа авна. Оюутны судалгаа авах хүснэгтийг хавсаргав. Судалгаанд юуны өмнө тэдний англи хэлний мэдлэгийн түвшинг харгалзана. Мөн бусад гадаад хэлний мэдлэг сонголтонд нөлөөлж болно. Хамгийн гол нь оюутан замын зардлаа өөрөө даах тул энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа саналыг судална. Оюутнаас ямар оронд, ямар ажил хийхээр сонирхож байгааг судална. /хавсралт 2/

 3. Материал солилцох /1 сар/

Гадаад орнуудтай оюутны материал солилцох үйл ажиллагаа жил бүрийн 1 сард явагдана.

 4. Оюутан сонгох   /2-3 сар/

 Гадаад орнуудаас ирүүлсэн саналын дагуу өөрийн орны оюутан сонголтыг хийнэ. Мөн гадаадаас оюутнуудын ирүүлсэн саналыг судалж ажил олгогч бизнесийн байгууллагуудад танилцуулна.

 5. Шийдвэр гаргах /4-5 сар/

 Сонгосон оюутныхаа талаарх материалыг хүлээн авч бизнесийн байгууллагуудтай хамтран ярилцаж, хүлээж авсан шийдвэрээ мэдэгдэнэ. Мөн өөрийн орны оюутнуудыг хүлээж авах тухай шийдвэрийг хүлээж авна. Энэ бичиг баримтын үндсэн дээр визний асуудлыг шийдвэрлэнэ.

 6. Дадлага хийх /6-9 сар/

 Сонгогдсон оюутнууд гадаад оронд явж дадлага хийнэ. Дадлагын тайланг оюутан бичнэ. Мөн байгууллагаас тайлан ирүүлнэ. Гадаад оюутны хувьд ажилдаа орно. Ажлынхаа тайланг бичнэ. Байгууллага тайлан гаргаж өгнө.