СЭЛБЭ ГОЛОО СЭЛБЭХЭЭР МОД ТАРЪЦГААЛАА.

Саяханыг болтол бид жирэлзэн урсах голыг тасрахгvй мэтээр төсөөлж, шуугин найгах моддыг дуусахгүй мэтээр санасан ахархан бодолдоо хөтлүүлэн явжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотын дундуур амь тавин урсаж буй Сэлбэ голоо түүх домог болгон ширгээж, устаж үгүй болгохгүйн тулд иргэн бүр эх орноо, байгаль дэлхийгээ гэсэн цохилох зүрх, зориулах сэтгэлээ нэгтгэх цаг хэдийнээ болсон. Ургаа мод нь газар доорхи болон гадаргын усаа тэтгэж байдгийг бид мэднэ.

Сайн хүүгийн санаачилсан сайхан үйлс 2009 оны 05-р сарын 03-наас эхлэн хотоос арван км-ийн  зайд Салхитын орчим Сэлбэ голын эрэгт "мод тарьцгаая" аяны ажил өрнөж 20 орчим байгууллагын төлөөлөгч, хамт олон оролцлоо. Ярьхад амар ч хийхэд хэцүү энэ ажилд оролцохоор ирсэн бүх хүмүүсийн зүрх нэгэн зүгт цохилж, зорилго нэгтэй байлаа. Тэдний нэг нь ШУТИС-ийн "Геоэкологийн" гэх тодотголтой манай хамт олон сайхан хотод амьдрах уриалгыг дэмжин идэвхтэй, амжилттай оролцов. Улаанбаатар хотын экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Сэлбэ голын ай сав газарт мод тарих арга хэмжээ болж манай ангийнхан болон зөвлөх багш Р.Алтанчимэгийн хамтаар 20-уулаа дөчөөд хайлаас мод тарьлаа. Үндсэндээ бид Геоэкологийнхоны бяцхан төглийг бий болгосон юм.

  Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян гэж ярьдаг. Сайн үйлсэд бид ядрахаа ч умартан их л урам зоригтой ажилласан. Энэ өдөр суулгасан суулгац маань өдрөөс өдөрт, жилээс жилд үндэслэн ургаж эргээд биднийг ирэхэд сагсайсан сайхан модод болсон байна  даа гэж бодохоор сэтгэлд таатай байлаа.

 
Бидний сонгож авсан газар бусдынхтай харьцуулбал хайрга чулуу ихтэй, голоосоо жаахан зайдуу байсан ч түүнд үл түүртэн хатуу ширгийг буталж, ургамлын үндэс, чулуу зэргийг их л сурамгай ялгаж "найздаа хүрзээ түр өгөөч, тэднийхээс хувинг нь аваад усанд яваад ирье, та 2 ямар хурдан байнаа" гэх мэтээр хүн бүр дор бүрнээ ажилтай. Асууна. Бас зөвлөлдөнө.
Сэлбэ голоо урсгалтай нь үлдээхийн тулд "Мод тарьцгаая иргэдийн аян"-ыг ШУТИС-ын хоёрдугаар курсын оюутан Б.Мөнгөндөрөө санаачилж "Монгол шуудан Транс", "Every day" сүлжээ дэлгүүрийнхэн ивээн тэтгэж,  ШУТИС. Геологи, Газрын Тосны Сургуулийн Геоэкологийн 3-р ангийхан,  "Мандах" дээд сургуулийн төгсөх курсийнхэн, "Шинэ өглөө" сан, нийслэлийн 84-р дунд сургуулийн 7Б ангийхан,  "Банжиг нет"-ийн блогчид, "Ногоон дэлхий" ТББ, ШУТИС-ын өрөмдлөгийн багийн багш нарын төлөөлөл, Оюуны өмчийн газрыхан, Байгаль орчныг хамгаалах иргэдийн нийтийн оролцоо зэрэг олон байгууллага Сэлбийн төлөө сэтгэлээ өргөсөн.
Манай хамт олон Улаанбаатар хотын экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Сэлбэ голын ай  сав газарт мод тарих үйлсэд ханцуй шамлан орохдоо  аяны хүрээнд явуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. "Үндэсний ухамсар" клуб, "Ном" кафе, "Ногоон Дэлхий" ТББ-ын шагнал өргөмжлөлүүдийг тус тус гардан авч, Сэтгүүлч зохиолч Х.Болор-Эрдэнийн шинэхэн гарсан "Би, Бид хоёр" номоор шагнуулсан. Мөн Мission Green Earth Stand Up Take Action Campaign, 2008 буюу дэлхий даяар нэг сая мод тарих аяны хүрээнд амжилттай оролцсон батламж, аянд оролцсон бүх хүмүүст JAPAN AVTO GARAGE авто машины засварын газрын 10%, 20%-ын хөнгөлөлтийн картуудаар урамшуулсан.

 
 
Төр засгаас нэг ч төгрөг нэхээгүй иргэдийн хөдөлмөрөөр нэгдсэн энэ ажилд та бүхэн  бидэнтэй хамт мод тарих аянд идэвхитэй оролцвол Улаанбаатар хот маань удахгүй ногоон хот болохнээ. Нийслэл хотын маань дундуур сэрүү татуулан жирэлзэн урсах Сэлбэ гол Туул голоо сэлбэн, экологийн асуудалд өвдөг сөхрөхгүйгээр тэмцэх боломж нийслэлчүүд бидэнд байгааг энэ аян харуулж чадсан.  
Ийнхvv манай Геоэкологийн ангийхан  Сэлбэ голынхоо хөвөөн дэхь Цэцэрлэгт  хvрээлэнд  тухлан сууж цугларах өөрсдийн гэсэн бяцхан ТӨГӨЛ -тэй боллоо.  Бид суулгацуудаа зааврын дагуу арчилж, усалгааг тогтмол хийж байгаа.
Та ч мөн мод тарь.

Сайн үйлс дэлгэрэх болтугай


Э.Удвал,  Р.Алтанчимэг
ШУТИС. ГГТС.