ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академитай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн 2010 оны 2 сарын 13-нд ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академитай хамтран Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэх тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Даваадорж, тус элчин сайдын яамны соёлын харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Баттөмөр нар байлцлаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

Фрайбергийн Уул уурхайн академитай анх 1987 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба гэрээг 1993 онд шинэчлэн баталсан. Хамтын ажиллагааны хүрээнд Германы судалгааны нийгэмлэгийн санхүүжилтээр 1990-1996 онд “Монгол Алтайн ховор металлын хүдэржилт” сэдэвт төсөл, 1996-1999 онд TEMPUS-TACIS хөтөлбөрийн хүрээнд “Геологи, уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах” сэдэвт төслийг амжилттай хэрэгжүүлсэн ба багш, судлаач харилцан солилцох, хамтран сургалт, судалгааны бүтээл хэвлүүлэх гэх мэт ажлуудыг тогтмол явуулж байна. 2007-2009 онуудад тус академи дээр Монголын 3 судлаач докторын зэрэг амжилттай хамгаалсан.
Шинээр байгуулсан гэрээ нь Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хос диплом олгох, улмаар хамтарсан сургууль байгуулахад чиглэгдэж байна.  
Ректор Б.Дамдинсүрэн тус сургуулийн Уул уурхай, геологи эрдэс баялаг, мэдээллийн технологи, материалын технологи, металл боловсруулалт, биотехнологи гэх мэт сургалт судалгааны орчин үеийн лаборатори, материаллаг баазтай танилцлаа. Тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах явцад манай хоёр сургууль мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, биотехнологи, экологи, барилгын материалын технологийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой байгаа нь харагдлаа.


Металл боловсруулалтын туршилт,                 Фрайбергийн сургалт-судалгааны зориулалтаар ашиглаж    

 судалгааны төвд                                            байгаа гүний уурхайд